ЭХЛЭЛ 7:11-24
ЭХЛЭЛ 7:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав. Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров. Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө, амин амьсгаатай хамаг биетэн хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ. Орсон болгон нь бүх махан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоор хөвөгч авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ. Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв. Ус улам ихсэн, газар дээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр хөвж байв. Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ. Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв. Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ. Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.
ЭХЛЭЛ 7:11-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав. Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь бүхээгтээ оров. Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө, амин амьсгаатай бие махбодтой бүхэн хос хосоороо Ноад очиж, бүхээгт нь оржээ. Орсон болгон нь бие махбодтой бүхний эр эмүүд байв. Ноад Бурханы тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсонд ЭЗЭН араас нь хаажээ. Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд бүхээг газраас дээш хөвөн гарч ирэв. Ус улам ихсэн газар дээгүүр бялхан хальж, бүхээг усны мандал дээр хөвлөө. Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгдлээ. Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. Хуурай газар дээр байдаг, хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв. Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт бүхээгт байгсад л үлджээ. Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.