ЭХЛЭЛ 41:1-57

ЭХЛЭЛ 41:1-57 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдэллээ. Фараон голын эрэг дээр зогсож байх юм. Тэгтэл тарган, сайхан, долоон үхэр голоос гарч ирээд, зэгснээс идэж байжээ. Түүний хойноос бас өөр туранхай, муухай, долоон үхэр голоос гарч ирээд, голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ. Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ. Тэрээр эргэж унтаад, бас зүүдэлжээ. Нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ. Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон, долоон нарийхан түрүү гарч иржээ. Тэгээд тэр нарийхан долоон түрүү нь өтгөн сайхан долоон түрүүгээ залгичихав. Фараоныг сэртэл тэр нь зүүд байлаа. Өглөө нь түүний сэтгэл тавгүйтэж, тэрээр зарлага явуулан, Египетийн мэргэч төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй. Ахлах сөнч Фараонд хандаж —Өнөөдөр би гэмээ саналаа. Фараон та зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт ордны харуулын ахлагчийн байшинд хорьж байхад тэр бид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан. Тэнд ордны харуулын ахлагчийн зарц болох еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэрээр тус тусад маань зүүдэлсний дагуу тайлсанд түүний тайлсан ёсоор болж, би хуучин ажилдаа эргэж ороод, нөгөө маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв. Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд шоронгоос түүнийг даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв. Фараон Иосефт хандаж —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд сонсоод тайлж чаддаг гэж би сонслоо гэв. Иосеф Фараонд хандаж —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв. Фараон Иосефт хандаж —Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байх юм. Тэгтэл тарган, сайхан долоон үхэр Нил мөрнөөс гарч ирээд, зэгснээс идэж байлаа. Тэдний хойноос туранхай, муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ. Тэр туранхай, муухай үхрүүд нь түрүүчийн долоон тарган үхрүүдийг идчихлээ. Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ. Би бас зүүдэндээ харсан нь: нэг ишнээс долоон өтгөн сайхан тариан түрүү гарч, түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч ирэв. Тэгээд тэр нарийхан түрүүнүүд нь долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэч, төлөгчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадсан хүн нэг ч байсангүй гэж хэлэв. Иосеф Фараонд хандаж —Фараон таны зүүд чинь нэг л байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараон танд үзүүлжээ. Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд бол нэг бөгөөд адилхан юм. Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж хорчийсон долоон хоосон түрүү нь ган зудтай долоон жил юм. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлнэ гэж миний Фараонд хэлсэн үг бол энэ юм. Египетийн бүх нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, тэр нутаг өлсгөлөнд сүйрэх болно. Залгаж ирсэн ган зуд нь маш хүнд хэцүү учир тэр нутагт өнтэй сайхан байсан жилүүдийг огт санаж чадахгүй болно. Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурхан хийх гэж байгаа зүйлээ хатуу шийдсэний учир тэр бөгөөд Бурхан үүнийгээ даруй хийх болно. Фараон та цэцэн мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутгийг захируул. Фараон та тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж, тэднээр ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан, хотуудад хадгалуул. Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа долоон жилийн ган зудад зориулан, нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг ган зудад сүйрэхгүй болно гэв. Энэ нь Фараон болон түүний бүх түшмэлд сайхан санагджээ. Фараон түшмэддээ хандаж —Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд, Фараон Иосефт хандаж —Бурхан энэ бүх зүйлийг чамд л үзүүлсэн учир чам шиг цэцэн, мэргэн ухаантай хүн алга. Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. Фараон —Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд, өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж, өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө —Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ. Фараон Иосефт хандаж —Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд, Фараон Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав. Иосеф Египетийн хаан Фараоны өмнө ирж зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав. Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ. Иосеф Египетийн газар нутагт долоон жилийн турш гарсан бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тус бүрд нь нөөцлөв. Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа хураасан нь хэмжээлшгүй их байсан учир түүнийгээ тоолохоо больжээ. Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ. Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм” гэжээ. Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан миний зүтгэж хөдөлмөрлөсөн газраас намайг агуу их үр бүтээлтэй болгосноос тэр болой” гэжээ. Египетийн газар нутагт өнтэй долоон жил дуусаж, Иосефын хэлсэн ёсоор, ган зудтай долоон жил эхэлжээ. Газар нутаг бүхэлдээ ган зудад нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг хоол хүнстэй байжээ. Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран хоол хүнс нэхсэнд Фараон Египетийн бүх ард түмэнд хандаж —Иосеф уруу очиж, түүний та нарт хэлсэн ёсоор хий гэв. Бүх нутаг даяар ган зуд болж, Иосеф бүх агуулахуудыг нээж, египетчүүдэд худалджээ. Египетийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ. Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 41 унших

ЭХЛЭЛ 41:1-57 Ариун Библи 2013 (АБ2013)

Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдлэв. Харагтун, Фараон гол дээр зогсож байх юм. Тэгтэл, харагтун, тарган сайхан долоон үхэр голоос гарч ирээд нугад бэлчиж байжээ. Харагтун, түүний хойноос бас өөр туранхай муухай долоон үхэр голоос гарч ирээд голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ. Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ. Тэрээр эргэж унтаад, хоёр дахь удаагаа зүүдэлжээ. Харагтун, нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ. Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч иржээ. Тэгээд тэр нарийхан долоон түрүү нь өтгөн бүтэн долоон түрүүгээ залгичихав. Фараоныг сэртэл, харагтун, тэр нь зүүд байлаа. Өглөө нь түүний сүнс тавгүйтэж, тэрээр зарлага явуулан Египетийн мэргэ төлгөчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй. Ахлах сөнч, Фараонд —Өнөөдөр би гэм нүглээ саналаа. Фараон та зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт хамгаалагчдын захирагчийн байшинд хорионд өгч билээ. Тэгэхэд тэр бид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан. Тэнд хамгаалагчдын захирагчийн боол, еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд, тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэр залуу бидний зүүдийг тус тусад маань тайлсанд түүний тайлал ёсоор болж, би хуучин албандаа эргэж ороод, нөгөөх маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв. Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд түүнийг гяндангаас даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв. Фараон, Иосефт —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сая сонслоо гэв. Иосеф, Фараонд —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв. Фараон, Иосефт —Харагтун, би зүүдэндээ голын эрэг дээр зогсож байх юм. Тэгтэл, харагтун, тарган сайхан долоон үхэр голоос гарч ирээд, нугад бэлчиж байлаа. Тэдний хойноос туранхай, маш муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ. Тэр туранхай муухай үхрүүд түрүүчийн долоон тарган үхрийг идчихлээ. Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ. Би эргэж унтав. Харагтун, нэг ишнээс долоон өтгөн, сайхан тариан түрүү ургахыг зүүдэндээ харав. Тэгтэл, харагтун, түүний дараа дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон түрүү гарч ирэв. Тэгээд тэр нарийхан түрүүнүүд долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэ төлгөчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадах хүн нэг ч байсангүй гэв. Иосеф, Фараонд —Фараон таны зүүд чинь нэг л юм байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлийг Фараонд үзүүлжээ. Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд нь нэг юм. Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай, муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон хоосон түрүү нь өлсгөлөнгийн долоон жил юм. Бурхан үйлдэх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлсэн гэж Фараонд миний хэлсэн үг бол энэ юм. Харагтун, Египетийн нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, нутаг орныг өлсгөлөн туйлдуулах болно. Энэхүү өлсгөлөн нүүрлэсний дараа маш хүнд хэцүү болох учир тэр нутагт өнтэй сайхан байснаас танигдах юм юу ч үгүй болно. Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурханаас энэ нь тогтоогдсон гэсэн үг бөгөөд Бурхан үүнийгээ даруй үйлдэх болно. Тэгээд одоо Фараон хэрсүү, мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутагт томил. Фараон тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж, ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг тэднээр хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан хотуудад хадгалуул. Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа өлсгөлөнгийн долоон жилд зориулан нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг өлсгөлөнгөөр сүйрэхгүй болно гэв. Энэ нь Фараон болон түүний бүх зарц нарын нүднээ таатай байв. Фараон зарц нартаа —Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу? гээд, Фараон, Иосефт —Бурхан энэ бүх зүйлийг чамд л таниулсан учир чам шиг хэрсүү, мэргэн ухаантай хүн алга. Чи миний өргөөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. Фараон —Харагтун, би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд, өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв. Тэгээд тэр өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасан ба түүний өмнө —Сөгдөцгөө! хэмээн хашхирч байлаа. Ийнхүү Египетийн бүх газар нутгийг Фараон Иосефт захируулжээ. Фараон, Иосефт —Би бол Фараон. Чамгүйгээр гараа эсвэл хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гэж хэлэв. Тэгээд Фараон, Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав. Иосеф Египетийн хаан Фараоны өмнө зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав. Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ. Иосеф Египетийн газар нутагт өнтэй байсан долоон жилийн бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тусбүрд нь нөөцлөв. Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа нөөцөлсөн нь хэмжээлшгүй их болсон учир түүнийгээ тоолохоо ч больжээ. Өлсгөлөнгийн жилээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ. Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм” гэжээ. Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ. Египетийн газар нутагт өнтэй байсан долоон жил дуусаж, Иосефын хэлсэн ёсоор өлсгөлөнгийн долоон жил эхэлжээ. Бүх нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг талх тариатай байжээ. Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран талх тариа нэхсэнд Фараон бүх египетчүүдэд —Иосеф дээр очицгоо, түүний та нарт хэлснийг үйлд гэв. Тэгээд нутаг орон даяар өлсгөлөн болж, Иосеф бүх агуулахыг нээж, египетчүүдэд худалджээ. Египет нутаг бэрх өлсгөлөнд нэрвэгджээ. Улс орон бүхэн үр тариа худалдаж авахын тулд Египет уруу Иосеф дээр ирэв. Учир нь дэлхий даяар бэрх өлсгөлөн болж байлаа.

Хуваалцах
ЭХЛЭЛ 41 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна