ЭХЛЭЛ 3:1-7

ЭХЛЭЛ 3:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой —Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? хэмээн эмэгтэйгээс асуужээ. Тэр эмэгтэй могойд хандаж —Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ” гэж айлдсан хэмээжээ. Тэр могой эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ. Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 3 унших

ЭХЛЭЛ 3:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд —Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. Тэр эмэгтэй, могойд —Бид энэ цэцэрлэг дэх моддын жимсийг идэж болно оо. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр, эс бөгөөс та нар үхнэ” гэж айлдсан гэхэд могой, эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 3 унших