ЭХЛЭЛ 3:1-16

ЭХЛЭЛ 3:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой —Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? хэмээн эмэгтэйгээс асуужээ. Тэр эмэгтэй могойд хандаж —Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ” гэж айлдсан хэмээжээ. Тэр могой эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ. Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ. Сэрүү ороход ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж, —Чи хаа байна вэ? гэсэнд тэрээр —Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв. Тэгтэл Тэр —Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү? гэж асуусанд хүн —Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлэв. ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв. ЭЗЭН Бурхан тэр могойд хандаж, —Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болой. Чи хэвлийгээрээ мөлхөж, Насан туршдаа тоос шороо идэх болно. Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд бас эмэгтэйд —Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 3 унших

ЭХЛЭЛ 3:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд —Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. Тэр эмэгтэй, могойд —Бид энэ цэцэрлэг дэх моддын жимсийг идэж болно оо. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр, эс бөгөөс та нар үхнэ” гэж айлдсан гэхэд могой, эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ. Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ. Гэтэл ЭЗЭН Бурхан, хүнийг дуудаж —Чи хаа байна вэ? гэсэнд тэрээр —Би Таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлэв. Тэгтэл Тэр —Чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж Миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юү? гэсэнд хүн —Өнөөх эмэгтэй, надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлэв. ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи юу хийчих нь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой, тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв. ЭЗЭН Бурхан нөгөө могойд Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдав. Чи хэвлийгээрээ мөлхөн явж, Амьдралынхаа бүхий л хоногуудад тоос шороо идэх болно. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 3 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна