ЭХЛЭЛ 29:14-30

ЭХЛЭЛ 29:14-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Лабан түүнд —Чи бол яах аргагүй миний яс махны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ. Лабан, Иаковт —Чи миний дүү гээд надад зүгээр л зарагдах гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч гэв. Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел. Леа хараа муутай, харин Рахел нь нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй ажээ. Иаков Рахелд дурласан тул —Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд Лабан —Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ. Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарцлагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт байв. Иаков Лабанд —Миний зарцлагдах хугацаа дууссан учир Би түүн дээр оръё. Эхнэрийг минь өгөгтүн! гэв. Лабан тэр нутгийн бүх эрчүүдийг цуглуулан найр хийлээ. Үдэш нь Лабан тэнд охин Леагаа авчирсанд Иаков түүн дээр оржээ. Лабан зарц бүсгүй Зилпагаа охин Леадаа шивэгчин болгон өгчээ. Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Ёсолсонтойгоо долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд нөгөөг нь бас өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэв. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд Лабан түүнд охин Рахелаа ч эхнэр болгон өгчээ. Лабан зарц бүсгүй Билхагаа охин Рахелдаа шивэгчнээр өглөө. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 29 унших

ЭХЛЭЛ 29:14-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Лабан түүнд —Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ. Лабан Иаковт —Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв. Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой. Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ. Иаков Рахелд дурласан тул —Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд Лабан —Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ. Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ. Иаков Лабанд —Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ. Лабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв. Үдэш нь Лабан охин Леагаа Иаковт авчирсанд, Иаков түүн дээр оржээ. Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ. Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ. Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 29 унших