ЭХЛЭЛ 2:7-25

ЭХЛЭЛ 2:7-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ. ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ. Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Еденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс дөрвөн салаа эх авчээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаах хийгээд судалт гартаам ч байжээ. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж. ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв. ЭЗЭН Бурхан —Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэжээ. Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. Ийнхүү Адам бүх мал адгуус, огторгуйн шувууд, хээрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. Иймд ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулаад хавиргаас нь нэгийг сугалан авч ормыг нь махаар бөглөжээ. ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв. Адам Энэ чинь л яснаас минь авсан яс Махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул Эм хүн гэж нэрлэгдэг гэжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй.

Хуваалцах
ЭХЛЭЛ 2 унших

ЭХЛЭЛ 2:7-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ. ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ. ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Еденээс эх авсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс бас дөрвөн мөрөн эх аван салжээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө. Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиум хэмээх сувд хийгээд оникс байдаг байжээ. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн нутгийг дайран өнгөрнө. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөнг Евфрат гэдэг юм. ЭЗЭН Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав. Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав. ЭЗЭН Бурхан —Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ. ЭЗЭН Бурхан шороогоор хээр талын янз бүрийн зэрлэг араатан, огторгуйн янз бүрийн жигүүртэн шувуудыг бүтээж, Адам тэдгээрийг хэрхэн яаж нэрлэхийг үзэхээр тэднийг түүнд авчирч өгчээ. Тэгээд Адамын амьтан бүрд өгсөн нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд, хээр талын бүх зэрлэг араатанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ. ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв. Адам —Энэ бол яснаас минь авсан яс, Махнаас минь тасалсан мах бөгөөд Түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тул Эмэгтэй гэж нэрлэе хэмээн хэлжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу. Хүн ба түүний эхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд огт ичсэнгүй.

Хуваалцах
ЭХЛЭЛ 2 унших