ЭХЛЭЛ 16:4-16

ЭХЛЭЛ 16:4-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Абрам Хагартай унтсанд, Хагар жирэмслэв. Хагар өөрийн жирэмсэн болсноо мэдээд, өөрийн эзэгтэйг доромжлох болов. Сараи Абрамд —Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны гарт өгсөн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд, намайг доромжилж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв. Абрам Сараид —Чиний зарц бүсгүй чиний л гарт байна. Чи түүнийг яамаар байна, түүнийгээ л хий гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс зугтаажээ. ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж, — Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ. ЭЗЭНий тэнгэр элч түүнд —Чи эзэгтэйдээ буцаж очоод, гарын дор нь дуулгавартай бай гээд, ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас —Би чиний үр хүүхдүүдийг ихэд өнөр өтгөн, тоолж баршгүй болгоё гэв. ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас —Чи одоо жирэмсэн байна. Чи хүү төрүүлнэ. Түүнийг Ишмаел гэж нэрлэ. Энэ нь ЭЗЭН чиний зовлонг сонссоных болой. Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт болно. Түүний гар хүн бүхнийг цохиж, Хүн бүхний гар түүнийг цохих бөгөөд Бас тэрээр хамаг ах дүүсийнхээ эсрэг талд амьдрах болно гэв. Хагар өөртэйгөө ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Учир нь Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” хэмээв. Тийм учраас тэр булгийг Беер-лахаи-рои хэмээн нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ. Тэгээд Хагар Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Абрам Ишмаел гэдэг нэр өгөв. Хагар Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 16 унших

ЭХЛЭЛ 16:4-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Абрам, Хагар дээр орсонд тэр жирэмслэв. Хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болов. Сараи, Абрамд —Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны өвөрт хийсэн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд намайг дорд үзэж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв. Абрам Сараид —Харагтун, зарц бүсгүй чинь чиний л гарт. Дураараа л бол гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс оргон зугтаажээ. ЭЗЭНий тэнгэрэлч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж — Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би эзэгтэй Сараигаасаа оргон зугтаж явна гэжээ. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Чи эзэгтэйдээ буцаж очоод, гар дор нь орж захирагд гэв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Би үр удмыг чинь ихэд олшруулж, тоолж баршгүй болгоно гэв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Харагтун, чи жирэмсэн байна. Чи хүү төрүүлэх болно. Түүнийг Ишмаел гэж дуудна. Учир нь ЭЗЭН чиний зовлон зүдүүрийг сонссон билээ. Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт байх болно. Түүний гар хүн бүхний эсрэг Хүн бүхний гар түүний эсрэг байх бөгөөд Хамаг ах дүүсийнхээ эсрэг талд тэр амьдрах болно гэв. Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” гээд өөртэй нь ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Тиймээс тэр булгийг Беер-лахаи-рои гэж нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ. Тэгээд Хагар, Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаел гэдэг нэрийг Абрам өгөв. Хагар, Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 16 унших