ЭХЛЭЛ 1:3-31
ЭХЛЭЛ 1:3-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр. Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав. Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болсон нь хоёр дахь өдөр. Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Ингээд Бурхан —Газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ. Газар нь ийнхүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь гурав дахь өдөр. Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг. Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг! гэж айлдсанд ёсоор болжээ. Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов. Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр огторгуйд тавьсан нь өдөр, шөнө хоёрыг захируулах бас гэрлийг харанхуйгаас салгахын тулд ажгуу. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь дөрөв дэх өдөр. Бурхан —Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай, бас шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйн мандалд нистүгэй! гэж айлдав. Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа шунган шумбагч амьд биетийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Бурхан тэднийг ерөөн —Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрцгээг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв. Үдэш болоод, өглөө болсон нь тав дахь өдөр. Бурхан —Газар дэлхий амьд биетийг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь гаргатугай! гэж айлдсанд ёсоор болжээ. Бурхан ийнхүү газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв. Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Газар дэлхийн зэрлэг амьтан бүхэнд, огторгуйн шувуу бүхэнд, газраар мөлхөгч бүхэнд, амьтай амьсгалтай бүхэнд өвс ногоо бүгдийг хоол хүнс болгож өгье гэсэнд ёсоор болжээ. Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.
ЭХЛЭЛ 1:3-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Бурхан —Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов. Бурханыг харахад тэр гэрэл нь сайхан байв. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой. Бурхан —Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг! гэж айлдав. Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь хоёр дахь өдөр бөлгөө. Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг! хэмээсэнд тэр нь ёсоор болжээ. Бурхан хуурай газрыг эх газар, хуримтлагдсан усыг далай хэмээн нэрлэв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Тэгээд Бурхан —Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ. Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулав. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь гурав дахь өдөр болой. Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээрээр тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог. Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь ёсоор болжээ. Бурхан илүү том нь өдрийг, арай жижиг нь шөнийг захирч байхаар хоёр том гэрэлтүүлэгчийг бүтээв. Тэр бас оддыг бүтээлээ. Бурхан газар дэлхийг гэрэлтүүлэхийн тулд, мөн өдөр, шөнө хоёрыг захирахын тулд болон гэрлийг харанхуйгаас салгахын тулд тэднийг тэнгэр огторгуйд байрлуулав. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь дөрөв дэх өдөр болой. Бурхан —Уснууд амьтдаар дүүрч, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг гэв. Тэгээд Бурхан далай тэнгисийн аварга том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг, хөлхөн хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Бурхан тэднийг адислаж, —Өсөн төлжиж, үржин олширч, далай тэнгисийн усыг дүүргэ. Бас жигүүртэн шувууд газар дэлхийд өсөн үржиг хэмээв. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь тав дахь өдөр болой. Бурхан —Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болгог хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ. Бурхан газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Тэгээд Бурхан —Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав. Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв. Бурхан тэднийг адислаж, тэдэнд —Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав. Бурхан —Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Газар дэлхий дээрх бүх зэрлэг араатан, огторгуйн бүх жигүүртэн шувууд, газраар мөлхөгч амьтай бүхэн, аливаа амьтдад ургамал ногоо бүгдийг хоол хүнс болгон өгнө хэмээв. Тэгээд тэр нь ёсоор болжээ. Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ. Үдэш болоод, өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр болой.