ГАЛАТ 3:1-14
ГАЛАТ 3:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мунхаг галатчууд аа, хэн та нарыг мэхлэв? Есүс Христ загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн. Та нар Сүнсийг Хуулийн үйлсээр хүлээн авсан уу? Эсвэл итгэлээр сонссоноор хүлээн авсан уу? Би зөвхөн үүнийг та нараас мэдэхийг хүсэж байна. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махан биеэр төгс болгогдож байна гэж үү? Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол, та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг Хуулийн үйлсээр үйлддэг үү, эсвэл итгэлээр сонссоноор үйлддэг үү? Түүнчлэн Абрахам Бурханд итгэсэн нь түүнийг зөвт байдалд тооцуулсан юм. Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав. Бурхан харь үндэстнүүдийг итгэлээр зөвтгөнө гэдгийг Судар урьдаас мэдээд “Бүх харь үндэстнүүд чиний дотор ерөөгдөх болно” хэмээн Абрахамд сайн мэдээг урьдчилан тунхаглажээ. Тиймээс итгэлийн хүмүүс итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн ажээ. Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараалын дор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ. Хэн ч Бурханы өмнө Хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл “Зөвт хүн итгэлээр амьдарна”. Хууль нь итгэлээс гараагүй, харин “Эдгээрийг биелүүлэгч нь тэдгээрээр амьд байх болно”. Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг. Энэ нь Христ Есүс дотор Абрахамын ерөөлийг Харь үндэстнүүдэд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.
ГАЛАТ 3:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн өмнө загалмайд цовдлогдсон бус уу? Та нар Сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү? Эсвэл сонссондоо итгэснээр үү? Зөвхөн үүнийг л та нараас мэдэхийг би хүсэж байна. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махбодоор төгс болгогдож байна гэж үү? Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр чинь үйлддэг үү? Яг үүнчлэн Бурханд Абрахам итгэсэн бөгөөд үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм. Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав. Бурхан харийнхныг итгэлээр зөвтгөнө гэдгийг Бичвэр урьдаас мэдээд “Бүх харийнхан чамаар ерөөгдөх болно” гэж Абрахамд сайнмэдээг урьдчилан тунхаглажээ. Тиймээс итгэлийнхэн нь итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн аж. Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал доор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ. Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”. Харин хууль нь итгэлээс биш ч “Тэдгээрийг үйлдэгч нь тэдгээрээр амьдарна.” Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг. Энэ нь Абрахамын ерөөлийг Христ Есүсээр харийнханд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.