ГАЛАТ 1:6-24
ГАЛАТ 1:6-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж тийм түргэн салж байгаад би гайхаж байна. Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид, эсвэл тэнгэрээс тэнгэр элч хүртэл бидний [та нарт] тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг. Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханы тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан. Ах дүү нар аа, миний тунхагласан сайн мэдээ нь хүний дагуу биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна. Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлтээр хүлээж авсан билээ. Учир нь Иудейн шүтлэг доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан. Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү илүү сүжигтэй байж, Иудейн шүтлэг дотор нутаг нэгт олон үе чацуутнуудаасаа илүү дэвшиж байсан юм. Харин намайг эхийнхээ хэвлийд байхаас сонгон тусгаарлаж, Өөрийн нигүүлслээрээ дуудсан Тэр нь Өөрийн Хүүг миний дотор илчлэхээр таалсан юм. Ингэснээр би Түүнийг харь үндэстнүүдийн дунд тунхаглах юм. Тэр даруй би махан биетэйгээ, цустайгаа зөвлөсөн ч үгүй, Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу явсан ч үгүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирэв. Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа. Гэвч Эзэний дүү Иаковаас өөр бусад элч нарыг би хараагүй. (Миний бичиж байгаа зүйл нь худал биш гэдгийг би Бурханы өмнө баталж байна.) Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явав. Христ дотор байгч Иудейн чуулганууд өнөөг хүртэл зүсээр минь намайг таньдаггүй байв. Харин тэд зөвхөн “Биднийг хавчиж байсан нэгэн тэр үед устгахаар оролдсон итгэлээ эдүгээ тунхаглаж байна” гэдгийг л сонссоор байсан. Тэд надаас болж Бурханыг алдаршуулж байсан юм.
ГАЛАТ 1:6-24 Ариун Библи 2013 (АБ2013)
[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсанаас ялгаатай сайнмэдээ уруу та нар ийм түргэн эргэсэнд би гайхаж байна. Өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг. Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан. Ах дүү нар аа, миний тунхагласан сайнмэдээ нь хүнийх биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна. Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлээр хүлээж авсан билээ. Учир нь иудеизм доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан. Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү зүтгэгч байж, нутаг нэгт нас чацуутан олныхоо дунд иудеизмд илүүтэй товойж байсан юм. Харин эхийн хэвлийд байхаас минь сонгон тусгаарлаж, нигүүлслээрээ дуудсан Тэрээр намайг таалж, Хүүгээ миний дотор илчилснээр Түүнийг би харийнхны дунд тунхагладаг юм. Тэр даруй би мах цустай хэнтэй ч зөвлөсөнгүй, Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу ч явсангүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирсэн. Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа. Гэвч Эзэний дүү Иаковаас өөр бусад элч нарыг би хараагүй. (Бичиж буй зүйлийн тухайд, үзэгтүн, Бурханы өмнө би худал эс хэлэв.) Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явсан. Христ дорх Иудейн чуулгануудад би зүсээрээ харин танигдаагүй л байлаа. Тэд “Биднийг хавчиж байсан хүн, тэр үед устгах гэсэн итгэлээ эдүгээ өөрөө тунхаглаж байна” гэдгийг л зөвхөн сонссоор байсан. Тэд надаас болоод Бурханыг алдаршуулж байсан юм.