ГАЛАТ 1:11-24

ГАЛАТ 1:11-24 Ариун Библи 2013 (АБ2013)

Ах дүү нар аа, миний тунхагласан сайнмэдээ нь хүнийх биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна. Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлээр хүлээж авсан билээ. Учир нь иудеизм доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан. Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү зүтгэгч байж, нутаг нэгт нас чацуутан олныхоо дунд иудеизмд илүүтэй товойж байсан юм. Харин эхийн хэвлийд байхаас минь сонгон тусгаарлаж, нигүүлслээрээ дуудсан Тэрээр намайг таалж, Хүүгээ миний дотор илчилснээр Түүнийг би харийнхны дунд тунхагладаг юм. Тэр даруй би мах цустай хэнтэй ч зөвлөсөнгүй, Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу ч явсангүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирсэн. Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа. Гэвч Эзэний дүү Иаковаас өөр бусад элч нарыг би хараагүй. (Бичиж буй зүйлийн тухайд, үзэгтүн, Бурханы өмнө би худал эс хэлэв.) Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явсан. Христ дорх Иудейн чуулгануудад би зүсээрээ харин танигдаагүй л байлаа. Тэд “Биднийг хавчиж байсан хүн, тэр үед устгах гэсэн итгэлээ эдүгээ өөрөө тунхаглаж байна” гэдгийг л зөвхөн сонссоор байсан. Тэд надаас болоод Бурханыг алдаршуулж байсан юм.

Хуваалцах
ГАЛАТ 1 унших

ГАЛАТ 1:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүү нар аа, миний тунхагласан сайн мэдээ нь хүний дагуу биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна. Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлтээр хүлээж авсан билээ. Учир нь Иудейн шүтлэг доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан. Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү илүү сүжигтэй байж, Иудейн шүтлэг дотор нутаг нэгт олон үе чацуутнуудаасаа илүү дэвшиж байсан юм. Харин намайг эхийнхээ хэвлийд байхаас сонгон тусгаарлаж, Өөрийн нигүүлслээрээ дуудсан Тэр нь Өөрийн Хүүг миний дотор илчлэхээр таалсан юм. Ингэснээр би Түүнийг харь үндэстнүүдийн дунд тунхаглах юм. Тэр даруй би махан биетэйгээ, цустайгаа зөвлөсөн ч үгүй, Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу явсан ч үгүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирэв. Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа. Гэвч Эзэний дүү Иаковаас өөр бусад элч нарыг би хараагүй. (Миний бичиж байгаа зүйл нь худал биш гэдгийг би Бурханы өмнө баталж байна.) Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явав. Христ дотор байгч Иудейн чуулганууд өнөөг хүртэл зүсээр минь намайг таньдаггүй байв. Харин тэд зөвхөн “Биднийг хавчиж байсан нэгэн тэр үед устгахаар оролдсон итгэлээ эдүгээ тунхаглаж байна” гэдгийг л сонссоор байсан. Тэд надаас болж Бурханыг алдаршуулж байсан юм.

Хуваалцах
ГАЛАТ 1 унших