ЕЗРА 6:13-22
ЕЗРА 6:13-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Тийнхүү Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн хичээж ёсчлон гүйцэтгэв. Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байлаа. Тэгээд тэд Израилийн Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксийн зарлигийн дагуу барьж дуусгав. Энэ сүм Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар он байлаа. Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд бас цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний нээлтийг баяр хөөртэйгөөр ёслон тэмдэглэв. Тэд Бурханы энэ өргөөний нээлтэд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга мөн бүх Израилийн нүглийн тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг авчирчээ. Тэгээд тэд Мосегийн номд бичигдсэн ёсоор Иерусалим дахь Бурханы үйлчлэлд тахилч нарыг бүлээр нь, левичүүдийг хэсгээр нь томилов. Цөллөгөөс ирсэн хөвгүүд нэгдүгээр сарын арван дөрвөнд Алгасалыг сахилаа. Тахилч нар болон левичүүд хамтдаа өөрсдийгөө цэвэршүүлж, тэд бүгд цэвэр байв. Тэгээд цөллөгөөс ирсэн бүх хөвгүүд, тэдний ах дүү тахилч нарт болон өөрсдөдөө зориулан тэд Алгасалын хургыг төхөөрөв. Ийнхүү цөллөгөөс буцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан, ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүн зоог барилаа. ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажилд тэдний гарыг хүчирхэгжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.
ЕЗРА 6:13-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв. Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байв. Тэгээд тэд Израилийн Бурханы тушаал ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу барьж дуусгав. Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв. Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд болон цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний зориулалтыг баяр хөөртэйгөөр тэмдэглэв. Тэд Бурханы энэ сүмийн зориулалтанд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга, мөн бүх Израилийн нүглийн төлөөх тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг өргөв. Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы үйлчлэлийн төлөө тахилч нарыг тэдний бүлгүүдэд нь, левичүүдийг тэдний дэс дараагаар нь Мосегийн номд бичигдсэн ёсоор томилов. Цөлөгдөгсөд нэгдүгээр сарын арван дөрвөнд Дээгүүр Өнгөрөх баярыг сахив. Тахилч нар болон левичүүд хамтдаа өөрсдийгөө цэвэршүүлж, тэд бүгд цэвэр байв. Тэгээд тэд бүх цөлөгдөгсдөд, өөрсдийн ах дүү тахилч нарт болон өөрсдөдөө зориулан Дээгүүр Өнгөрөх баярын хургыг төхөөрөв. Цөллөгөөс буцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүмүүс Дээгүүр Өнгөрөх баярын зоог барилцав. ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажлыг дэмжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй Талхны Баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.