ЕЗРА 10:1-15

ЕЗРА 10:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Езраг залбирч, нүглээ наманчлан Бурханы өргөөний өмнө сунан мөргөж уйлж байхад, Израилиас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн асар том чуулган түүн дээр цуглан ирж, гашуунаар уйлцгаав. Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа, Езрад —Бид Бурхандаа үнэнч бус байж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдийг авч гэрлэсэн. Ийм байсан ч эдүгээ Израильд найдвар байна. Тиймээс одоо бүх эхнэр болон тэдний хүүхдүүдийг миний Эзэн болон Бурханы маань хуулийн өмнө айн чичирдэг хүмүүсийн шийдвэрийн дагуу явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг! Босогтун! Учир нь энэ таны үүрэг агаад бид тантай хамт байна. Тууштай байгтун, үйлдэгтүн! гэв. Тэгэхэд Езра босож, удирдах тахилч нар, левичүүдийг болон бүх израилийг энэ үгсийн дагуу үйлдэнэ гэж тангараг өргүүлүүлэв. Тэд ч тангараглав. Тэгээд Езра, Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөллөгөөс ирэгсдийн итгэлгүйн улмаас гашуудан талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Бүх цөллөгөөс ирэгсэд Иерусалимд цуглах ёстой гэж тэд Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөллөгөөс ирэгсдийн чуулганаас хөөхөөр болов. Ингээд Иуда болон Бениамины эрчүүд бүгд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ нь есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүн уг үйл явдлаас болон бороо цутгаснаас болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав. Тэгээд тахилч Езра босож, тэдэнд —Та нар үнэнч бус байж, Израилийн ялыг нэмэгдүүлэн харь эмэгтэйчүүдтэй гэрлэжээ. Тиймээс одоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наманчилж, Түүний тааллын дагуу үйлд. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв. Тэгтэл бүх чуулган чанга дуугаар хариулан —Ёсоор болог! Таны хэлсэнчлэн бид гүйцэтгэх ёстой гэв. Гэвч олон хүн байна. Одоо борооны улирал тул бид задгай газар зогсоод байж чадахгүй нь. Энэ даалгавар нэг юмуу хоёр өдрийн дотор биелэгдэж чадахгүй. Учир нь биднээс олонх нь энэ хэрэгт буруутан болжээ. Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүн тогтсон цагт, хот бүрийн ахмадууд, шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас Бурханы маань догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв. Зөвхөн Асахелын хүү Ионатан, Тиквагийн хүү Иахзеиа нар үүнийг эсэргүүцэхэд Мешуллам ба леви хүн Шаббетаи нар тэднийг дэмжив.

Хуваалцах
ЕЗРА 10 унших

ЕЗРА 10:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Езраг залбирч, нүглээ наманчилан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, Израилиас асар их чуулган гашуунаар уйлцгааж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд түүн уруу цугларцгаав. Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа Езрад —Бид Бурхандаа итгэлгүй хандаж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдтэй гэрлэсэн. Гэсэн хэдий ч одоо энэ бүхнээс үл хамаарч Израильд найдвар байна. Тиймээс одоо Эзэн болон бидний Бурханы хуулиас сүрддэг хүмүүсийн зөвлөгөөний дагуу бүх эхнэрүүдээ болон тэдний хүүхдүүдийг явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг! Босогтун! Учир нь энэ хэрэг бол таны хариуцлага боловч бид тантай хамт байна. Зоригтой байж, үйлдэгтүн! гэв. Тэгэхэд Езра босож, удирдах тахилч нар, левичүүд болон бүх израильчуудыг энэ саналын дагуу үйлдэнэ хэмээн тангараг өргүүлэв. Тийнхүү тэд тангараг өргөв. Тэгээд Езра Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөлөгдөгсдийн итгэлгүй байдлын улмаас гашуудаж байсан тул талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Тэд бүх цөлөгдөгсдөд Иерусалимд цуглах ёстой гэж Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөлөгдөгсдийн чуулганаас хөөхөөр болов. Ингээд Иуда болон Бениамины бүх эрчүүд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ бол есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүмүүс уг үйл явдлаас болон ширүүн бороо орсноос болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав. Тэгээд тахилч Езра босож, тэдэнд —Та нар итгэлгүй байж, Израилийн гэм бурууг нэмэгдүүлэн харь эхнэрүүд авчээ. Тиймээс одоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наманчилж, Түүний хүслийн дагуу үйлд. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв. Тэгтэл бүх чуулган чанга дуугаар хариулан —Энэ зөв! Таны хэлсэнчлэн, энэ нь бидний гүйцэтгэх ёстой үүрэг. Гэвч олон хүмүүс байна, мөн одоо борооны улирал тул бид задгай газар зогсоод байж чадахгүй нь. Энэ даалгавар ч нэг юм уу, хоёр өдрийн дотор биелэгдэж чадахгүй. Учир нь бид энэ хэрэгт ихээр тэрсэлжээ. Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүмүүс тогтсон цагт хот бүрийн ахмадууд болон шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас бидний Бурханы догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв. Зөвхөн Асахелын хүү Ионатан, Тиквагийн хүү Иахзеиа нар үүнийг эсэргүүцэхэд, Мешуллам ба леви хүн Шаббетаи нар тэднийг дэмжив.

Хуваалцах
ЕЗРА 10 унших