ЕЗЕКИЕЛ 33:1-20

ЕЗЕКИЕЛ 33:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, ард түмнийхээ хөвгүүдтэй ярьж тэдэнд “Би нэгэн нутагт илд авчрахад, тэр нутгийн ард олон дундаасаа нэг хүнийг сонгож, харуулаа болгох аваас нутагт нь илд ирж байхыг тэр хараад бүрээ татаж, ард олныг сэрэмжлүүлэх болой. Хэн нэгэн нь бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авахад нь илд ирж түүнийг авч явбал цус нь өөрийнх нь толгой дээр байна. Тэрээр бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авав. Түүний цус өөр дээр нь байна. Хэрэв сэрэмжлүүлгийг авсан бол амиа аврах байсан. Гэвч харуул нь илд ирж буйг хараад бүрээ татахгүй, ард түмнийг сэрэмжлүүлэхгүй байваас илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр нэгэн хилэнцийнхээ төлөө авагдана. Харин цусыг нь Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл. Хүний хүү! Би чамайг Израилийн гэрт харуул болголоо. Тиймээс чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүлнэ. Би буруут хүнд “Буруут чи заавал үхэх болно” гэж айлдах үед чи тэр буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлэхгүй аваас тэр буруут хүн хилэнцийнхээ дотор үхэх юм. Харин түүний цусыг Би гараас чинь нэхнэ. Харин чи буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэр нэгэн замаасаа эргэхгүй байваас хилэнц дотроо тэр үхнэ. Харин чи амиа аварна. Хүний хүү чиний хувьд, Израилийн гэрт өгүүл. “Та нар ярихдаа «Үнэнээр бидний гэмт үйлдэл, бидний нүгэл нь бидэн дээр буй. Бид түүний дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?» хэмээв.” Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?” Хүний хүү чи, нутгийнхандаа “Зөвт хүний зөв нь ч гэм буруугийнх нь өдөрт түүнийг үл аварна. Буруутын гэм буруугийн хувьд, тэрээр гэм буруугаасаа эргэх өдөр түүнээсээ болж бүдрэхгүй. Мөн зөвт хүн ч нүгэл үйлдэх өдрөө зөвт байдлаараа амьд үлдэж үл чадна” гэж хэл. Би зөвт хүнийг заавал амьд үлдэнэ гэж өөрт нь айлдсан боловч тэрээр зөвт байдалдаа хэт найдсаар гажуудлыг үйлдвээс хамаг зөв үйлс нь дурсагдахгүй. Харин үйлдсэн гажуудлынхаа дотор тэр үхэх болно. Гэвч Би буруу муу хүнд “Чи заавал үхэх болно” гэж айлдахад тэрээр нүглээсээ буцаж, шударга зөвийг үйлдээд, тэрээр барьцаалсан юмыг буцааж, тоносон юмаа нөхөн төлж, гажуудлыг эс үйлдэн амийн зарлигуудыг дагаж явбаас тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй. Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсахгүй. Тэрээр шударга зөвийг үйлдсэн. Тэр заавал амьд үлдэнэ. Гэсэн ч нутгийнхан чинь “Эзэний зам нь буруу” гэж хэлэх үед өөрсдийнх нь зам буруу байдаг. Зөв хүн ч зөвт байдлаасаа эргэж, гажуудлыг үйлдвээс тэрээр түүн дотроо үхэх болно. Цөвт буруу хүн харин гэм буруугаасаа эргэж шударга зөвийг үйлдвээс тэр түүгээрээ амьд үлдэх болно. Гэвч та нар “Эзэний зам нь буруу юм” гэж хэлдэг. Израилийн гэр ээ, Би хүн тусбүрийг чинь замналаар нь шүүх болно хэмээв.

ЕЗЕКИЕЛ 33:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНий үг надад ирж, — Хүний хүү, өөрийнхөө ард түмний хөвгүүдтэй ярьж “Хэрэв Би нэг улс дээр илд авчирч, тэр улсын ардууд өөрсдийнхөө дундаас нэг хүнийг сонгож, өөрсдийн харуул болгох аваас, улс дээр нь илд ирж байхыг тэр хүн хармагц бүрээ үлээж, ардуудад сэрэмжлүүлэг өгвөл, тэгээд хэн нэгэн нь бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авбал, илд ирж түүнийг аваад явбал түүний цус өөрийнх нь толгой дээр байх болно. Тэр бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг аваагүй юм. Түүний цус өөр дээр нь байх болно. Гэвч хэрвээ тэр сэрэмжлүүлгийг хүлээн авсан бол өөрийн амиа аврах байсан юм. Гэвч хэрвээ харуул нь илд ирж буйг хараад бүрээ үлээлгүй, ард түмэнд сэрэмжлүүлэг өгөөгүй бол илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр хүн нь өөрийн хууль бусын төлөө авагдсан юм. Харин түүний цусыг Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл. Хүний хүү чиний хувьд гэвэл, Би чамайг Израилийн гэрийн төлөө харуул болгон томилсон. Тиймээс чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжлүүлгийг тэдэнд өгөх болно. Би хорон муу хүнд “Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно” хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүнд өөрийнх нь замаас эргэхийг сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно. Харин хэрвээ чи өөрийн талаас тэр хорон муу хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэрээр замаасаа эргэхгүй бол тэр өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх болно. Гэвч чи өөрийн амийг аварсан билээ. Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэрт өгүүл. “Та нар ийнхүү ярьж «Үнэнээр бидний гэм буруу, бидний нүгэл нь бидэн дээр буй. Бид түүний дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?» хэмээв”. Тэдэнд өгүүл. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?” Хүний хүү чи нутгийнхандаа “Зөвт хүний зөв байдал нь ч түүний гэм буруугийн өдөрт түүнийг үл аварна. Хорон муу хүний хорон муу үйлдлийн хувьд, тэрээр хорон муугаасаа эргэх өдөрт түүнээсээ болж бүдрэхгүй. Тэгэхэд зөвт хүн ч нүглийг үйлдэх өдөрт өөрийнхөө зөвөөр амьдарч үл чадна.” гэж хэл. Би зөвт хүнд түүнийг заавал амьдарна гэж айлдсан боловч тэрээр өөрийн зөвт байдалд хэт найдсаар хууль бусыг үйлдвээс түүний зөв үйлсийн нэг нь ч дурсагдахгүй. Харин түүний үйлдсэн яг тийм хууль бус үйлдэл дотор тэр үхэх болно. Гэвч Би хорон муу хүнд “Чи заавал үхэх болно” хэмээн айлдахад, тэрээр өөрийн нүглээс буцаж, шударга ёс, зөвт үйлсийг үйлдвэл, хэрвээ хорон муу үйлстэн барьцаалсан юмыг буцааж, тоносон юмсыг буцаан төлж, хууль бусыг үл үйлдэн амийн баталсан журмыг дагаж явбаас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй. Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсагдахгүй. Тэрээр шударга ёс болон зөвийг үйлдсэн. Тэр заавал амьдрах болно. Гэсэн ч чиний нутгийнхан “Эзэний зам нь буруу юм” хэмээн өгүүлж байхад тэдний өөрсдийнх нь зам буруу байдаг. Зөв хүн ч өөрийн зөвт байдлаасаа эргэж, хууль бусыг үйлдвээс тэр нь түүн дотроо үхэх болно. Харин хорон муу хүн өөрийн хорон муу үйлсээс эргэж шударга ёс болон зөвт үйлсийг үйлдвээс тэр түүгээрээ амьдрах болно. Гэвч та нар “Эзэний зам нь буруу юм” хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Би та нарын хүн тус бүрийг өөрийнх нь замаар шүүх болно».