ЕЗЕКИЕЛ 14:1-9

ЕЗЕКИЕЛ 14:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув. ЭЗЭНий үг надад ирж, — Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү? Тиймээс тэдэнтэй ярьж, тэдэнд “Эзэн БУРХАН айлдахдаа «Шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад эш үзүүлэгч дээр очдог, Израилийн гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар хариулна. Ингэснээр бүх шүтээнээрээ дамжин Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг Би эргүүлэн барих юм» хэмээв” гэж хэл. Тиймээс Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Гэмшиж, шүтээнүүдээсээ эргэж, хамаг жигшүүрээсээ нүүрээ буруул. Учир нь Израилийн гэрийн эсвэл Израильд түр сууж буй ирмэл аль ч хүн Надаас тусгаарлаж, шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад, Надаас асуулгахаар эш үзүүлэгч дээр очвол ЭЗЭН Би түүнд Өөрөөсөө хариулна. Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйрлэл болгон ард түмнийхээ дундаас түүнийг тасална. Ингээд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Харин эш үзүүлэгч үг хэлэхээр өдөөгдсөн аваас тэр эш үзүүлэгчийг өдсөн нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгана.

ЕЗЕКИЕЛ 14:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув. ЭЗЭНий үг надад ирж, — Хүний хүү, эдгээр хүмүүс шүтээнүүдээ өөрсдийн зүрхнүүдэд байрлуулж, өөрсдийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрсдийн нүүрнүүдийн яг өмнө тавьжээ. Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү? Тиймээс тэдэнтэй ярьж, тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ өөрийн шүтээнүүдийг байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрийнхөө нүүрний өмнө тавиад эш үзүүлэгч уруу ирдэг, Израилийн гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар нь түүнд хариулна. Энэ нь өөрсдийн бүх шүтээнүүдээр дамжуулан Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг барьж байхын тулд юм»”. Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэмшиж, өөрсдийн шүтээнүүдээс эргэж, өөрсдийн хамаг жигшүүрт зүйлсээс нүүрээ буруул. Учир нь Израилийн гэрийнхнээс, эсвэл Израильд буй цагаачдаас хэн нэг нь өөрийгөө Надаас салгаж, зүрхэндээ шүтээнүүдээ байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулууг яг нүүрнийхээ өмнө тавиад, өөрийнхөө төлөө Надаас асуухаар эш үзүүлэгч уруу ирвэл ЭЗЭН Би түүнд хариулахаар Өө рийн биеэр авчрагдах болно. Би Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйр үг болгож, Өөрийн ард түмний дундаас түүнийг таслах болно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Харин, хэрэв эш үзүүлэгч үг хэлэхээр ятгагдсан бол тэр эш үзүүлэгчийг ятгасан нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгах болно.