ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 5:4-14

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 5:4-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин Египетийн хаан тэдэнд —Мосе Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж ажилаа хий гэв. Фараон цааш нь —Харагтун, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж хэлэв. Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын даамлууд хийгээд харгалзагчдад тушаал буулгаж — Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд өөрсдөө явж сүрэл хурааг. Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Бурхандаа тахил өргөе!” гэж хашхирч байна. Ажлыг нь бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, дэмий үгсийг анхаарахаа болино гэв. Ингээд ард түмний ажлын даамлууд ба харгалзагчид гарч ирэн ард түмэнд —Фараон “Би та нарт сүрэл өгөхгүй. Та нар өөрсдөө явж, олдох газраас нь сүрэл түүцгээ. Харин ажлаас чинь огтхон ч хасахгүй” гэж хэллээ гэв. Ард түмэн сүрэлд зориулж тарианы ёзоор түүхээр Египетийн бүх нутгаар тархав. Ажлын даамлууд тэднийг шавдуулж —Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв. Фараоны ажлын даамлуудын томилсон Израилийн хөвгүүдийн харгалзагч нар зодуулж, —Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил хэмжээгээр тоосго хийж гүйцээгээгүй вэ? гэж байцаалгав.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 5:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин Египетийн хаан тэдэнд —Мосе, Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж өөрсдийнхөө ажлыг хий гэв. Фараон —Хар, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж бас хэлэв. Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын дарга нар болон харгалзагчдад зарлиг буулгаж, — Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд явж, өөрсдөдөө сүрэл хурааг. Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Өөрсдийн Бурханд тахил өргөе” гэж хашхирч байна. Тэдний ажлыг бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, худал үгсийг анхаарахаа болино гэв. Ингээд ард түмний ажлын дарга нар ба харгалзагчид гарч ирэн, ард түмэнд —Фараон ингэж хэллээ. “Би та нарт сүрэл өгөхгүй. Та нар явж, олдох газраас нь өөрсдөдөө сүрэл түүцгээ. Харин та нарын ажлаас огтхон ч хасахгүй” гэв. Ард түмэн сүрлийн оронд тарианы ёзоор түүхийн тулд Египетийн бүх нутгаар тархав. Ажлын дарга нар тэднийг шавдуулж, —Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв. Израилийн хөвгүүдийн харгалзагчид зодуулж —Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил тоогоор тоосго хийж гүйцэтгээгүй вэ? гэж асуугдав. Тэднийг Фараоны ажлын дарга нар томилсон ажээ.