ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 4:18-26

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 4:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд —Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв. Мидианд ЭЗЭН Мосед хандан —Египет уруу буцан оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав. Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа. ЭЗЭН Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй. Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израиль бол Миний хүү, Миний ууган хөвгүүн. Тиймээс Би чамд ”Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална»” хэмээн хэл гэв. Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв. Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ хөвчний арьсыг огтлоод, түүнийг Мосегийн хөлд хаяж, —Чи үнэхээр миний цусан нөхөр гэж хэлэв. Тэгэхэд Тэр Мосег тавив. Тэр үед Зиппора “Чи цусан нөхөр мөн” гэж хэлсэн нь хөвч хөндөлтөөс болсон юм.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 4:18-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Мосе тэндээс холдон, хадам эцэг Иетрогийнд буцаж очоод, түүнд —Би Египетэд байгаа ах дүү нар дээрээ буцаж очоод тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро, Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв. Мидианд ЭЗЭН, Мосед —Египет уруу буцаж оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав. Ингээд Мосе эхнэр хөвгүүдээ авч тэдэнд илжиг унуулаад, Египет нутаг уруу буцаж явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа. ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй. Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН «Миний ууган хөвгүүн бол Израиль. Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв. Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв. Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ тээрхийн арьсыг танаад Мосегийн хөлд хаяж —Чи үнэхээр миний цуст хань гэж хэлэв. Тэгэхэд Тэр, Мосег тавив. Тэр үед Зиппора “Чи цуст хань мөн” гэж хэлсэн нь хозлолоос болсон юм.