ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 30:22-33

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 30:22-33 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН цааш нь Мосед айлдан — Чи өөртөө дараах хамгийн сайн үнэртнүүдийг авагтун. Үүнд: шингэн мирр таван зуун шекел, анхилуун шанц түүнээс хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишинг хоёр зуун тавин шекел, касси таван зуун шекел байх ба бүгд ариун газрын шекелийн дагуу байна. Мөн чидун тос нэг хин байг. Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно. Үүгээр чи уулзалтын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол. Мөн ширээ болон бүх хэрэгслийг нь, дэнлүүний суурь болон хэрэгслийг нь, утлагат тахилын ширээ, шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь, угаалгын сав болон суурийг нь тослогтун. Эдгээрийг ариунаас ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно. Аарон ба хөвгүүд нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэднийг томилон тосолж, ариусгагтун. Чи Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэл. “Энэ нь бүхий л үед чинь Надад зориулагдсан ариун тосолгооны тос болно. Үүнийг хүний бие дээр асгаж болохгүй. Үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ нь ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой. Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 30:22-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН цааш нь Мосед айлдан — Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел, ариун газрын шекелийн дагуу кассигаас таван зууг, чидун тосноос нэг хин. Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно. Үүгээр чи хурлын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол. Мөн ширээ ба түүний бүх хэрэгсэл, дэнлүүний суурь ба түүний хэрэгслүүд, утлагын тахилын ширээ, шатаалт тахилын ширээ ба түүний бүх хэрэгслүүд, угаалгын сав ба түүний суурийг тослогтун. Бас эдгээрийг хамгийн ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно. Аарон хийгээд түүний хөвгүүд Надад тахилчаар үйлчлэх учраас чи тэднийг тослон, ариусгагтун. Чи Израилийн хөвгүүдэд хандан ийн хэл. “Энэ нь үеийн үед Миний төлөөх ариун тосолгооны тос болно. Үүнийг хүний бие дээр бүү асга, мөн үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ бол ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой. Үүний адилаар найруулж, эсвэл эгэл жирийн хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.