ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:1-21

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан энэ бүх үгсийг айлдсан нь — Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна. Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй. Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий. Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг. Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг. Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй. Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм. Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно. Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил. Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв. Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод, Мосед —Та бидэнтэй яриач. Бид сонсоно. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэх нь гэв. Мосе ард түмэнд —Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд, мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм гэв. Бурханы байгаа түнэр харанхуй уруу Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ. —Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй. Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг. Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг. Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино. Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил. Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм. Эцэг эхээ хүндэл. Тэгвэл Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр чи урт насална. Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий. Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв. Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа айн дагжиж, алсад зогссоор байв. Мосед тэд —Та бидэнтэй яриач. Бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхнэ гэв. Мосе ард түмэнд —Бүү ай. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн Түүнээс эмээхүй нь та нарт байж та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ ирсэн юм гэв. Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.