ЕСТЕР 5:9-14

ЕСТЕР 5:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Хаман тэр өдөр баяртай, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин Хаман хааны дааман хаалганы дэргэд Мордехаиг болон тэр түүний өмнө босохгүй, сүрдэн чичрэхгүй байгааг хараад Хаман Мордехаид уурлан хилэгнэв. Гэсэн хэдий ч Хаман биеэ барьж, гэр өөдөө яван, найз нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулахаар илгээв. Тэгээд Хаман тэдэнд өөрийн эд баялгийн сүр жавхланг хөвгүүдийнхээ өнөр олныг, мөн хаан түүнийг дөвийлгөсөн тохиолдол бүрийг түүнийг ноёд болон зарц нараас дээгүүр албанд дэвшүүлснийг өгүүлэв. Хаман мөн —Естер хатан хүртэл өөрийн бэлдсэн найрандаа хаантай хамт надаас өөр хэнийг ч ирүүлээгүй, мөн маргааш ч бас тэр намайг хааны хамт урьсан. Гэлээ ч би иудей хүн Мордехаиг хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүр энэ бүхэн миний сэтгэлд нийцэхгүй юм хэмээв. Тэгтэл эхнэр Зереш болон бүх найз нь —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд өглөө нь Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас гуй. Тэгээд хаантай хамт найранд баяр хөөртэй оч! гэж хэлэхэд энэ зөвлөгөө Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.

Хуваалцах
ЕСТЕР 5 унших

ЕСТЕР 5:9-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд Хаман тэр өдөр баяр хөөртэй, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин хааны дааман хаалганы дэргэд Мордехаи өөрийнх нь өмнө босох ч үгүй, сүрдэн чичрэх ч үгүй байгааг хараад Хаман, Мордехаид ихэд хилэгнэв. Гэсэн ч Хаман биеэ барьж, гэртээ ирээд анд нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулахаар илгээв. Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив. Хаман мөн —Тийм ээ, Естер хатан хүртэл бэлдсэн найрандаа хаантай хамт надаас өөр хэнийг ч ирүүлээгүй бөгөөд маргааш ч бас намайг хааны хамт урьж дуудсан. Гэвч иудей Мордехаи хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүрд надад энэ бүхэн онцгүй байна гэв. Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөр нь түүнд —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.

Хуваалцах
ЕСТЕР 5 унших