ЕСТЕР 4:11-16
ЕСТЕР 4:11-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн уруу сунгавал л тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц, хааны аймгуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна. Тэд Естерийн үгийг Мордехаид дамжуулахад тэр тэдэнд Естерт ийн хариул гэв. —Хааны өргөөнд байгаа чи бүх иудей хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сана. Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүдэд өөр газраас тусламж, аврал ирж, харин чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ? Тэгэхэд Естер, Мордехаид ийн хариул гэж хэлэв. — Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.
ЕСТЕР 4:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна. Тэд Естерийн үгийг Мордехаид хэлэв. Мордехаи Естерт ингэж хариул гэж тэдэнд хэлэв. —Хааны ордонд байгаа чи бүх иудейчүүдээс илүүгээр мултарч чадна гэж бүү сана. Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ? Тэгэхэд Естер Мордехаид ингэж хариул гэж тэдэнд хэлэв. — Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.