ЕСТЕР 2:1-18

ЕСТЕР 2:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Эдгээрийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэрээр Ваштийг, түүний юу хийснийг мөн түүний эсрэг юу зарлигласнаа санав. Тэгэхэд хаанд үйлчилж байсан бараа бологчид нь —Хаанд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охидыг эрж олог. Хаан хаанчлалынхаа бүх аймагт хянагч нарыг томилж, тэд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охин бүрийг Суса цайз дахь эмэгтэйчүүдийн өргөө уруу, эмэгтэйчүүдийг хариуцдаг хааны тайган Хегаин мэдэл ба гар дор цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг өгсүгэй! Тийнхүү хааны нүднээ тааллыг олсон залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэж хэлэв. Энэ үг хааны нүднээ таатай байсан бөгөөд тэр түүнчлэн үйлдэв. Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв. Тэрээр Вавилоны хаан Небухаднезарын олзлон авчирсан Иудагийн хаан Иекониатай хамт ирсэн олзлогдогсдын хамт Иерусалимаас олзонд ирсэн хүн юм. Авга ахынх нь охин Хадасса буюу Естер эцэг эхгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбир тэгш, царай зүс үзэсгэлэнтэй ажээ. Эцэг эхийг нь өөд болоход Мордехаи түүнийг охиноо болгон авсан юм. Ингээд хааны зарлиг лүндэнг сонордуулахад, олон залуу эмэгтэй Суса цайзнаа Хегаин мэдэл, гар дор цуглацгааж байхад Естер ч мөн хааны өргөөнд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин мэдэл, гар дор хүргэгджээ. Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэрээр Естерийг оо энгэсэг болон хувь хишгээр нь үтэр түргэн хангаж, түүнд хааны өргөөнөөс долоон шилмэл шивэгчнийг өгөөд, түүнийг болон шивэгчингүүдийг нь эмэгтэйчүүдийн өргөөний хамгийн сайн газарт шилжүүлэв. Естер ард түмнээ ч, үндэс угсаагаа ч илчилсэнгүй. Учир нь тэднийг илчлэн ярьж болохгүй гэж Мордехаи түүнд захижээ. Тэгээд Естерийн амар амгаланг болон түүнд юу тохиолдож байгааг мэдэх гэж эмэгтэйчүүдийн өргөөний хашааны өмнүүр Мордехаи өдөр бүр холхидог байв. Эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэл буюу миррийн тосны зургаан сар, тэгээд үнэртэн болон эмэгтэйчүүдийн оо энгэсгийн зургаан сарыг гүйцээсэн залуу эмэгтэй бүрийн, хаан Ахашверош уруу очих ээлж нь болоход залуу эмэгтэй хаан уруу ийн ордог байв. Эмэгтэйчүүдийн өргөөнөөс хааны өргөө уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгддөг байлаа. Орой нь тэр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь өргөөнд буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын мэдэл, гар дор очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг хүсэн таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ. Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөн хэлснээс өөр зүйлийг тэр гуйсангүй. Ингэж Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов. Ингээд Ахашверошийн хаант засгийн долдугаар оны Тебет буюу аравдугаар сард Естерийг хааны ордонд, Ахашверош хаан дээр авчрав. Хаан, Естерийг бүх эхнэрүүдээсээ илүү хайрлаж, Естер түүний нүдэнд таалал хийгээд энэрлийг бүх онгон охидоос илүү олсон тул тэрээр хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. Тэгээд хаан их найр буюу Естерийн найрыг бүх ноён болон албат нартаа зориулан хийсэн бөгөөд мөн аймгууддаа баярын өдрийг зарлан хааны заншлаар бэлэг сэлт өгөв.

Хуваалцах
ЕСТЕР 2 унших

ЕСТЕР 2:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эдгээр зүйлсийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэр Ваштиг болон түүний юу хийснийг, мөн түүний эсрэг ямар зарлиг гаргаснаа санав. Тэгэхэд түүнд үйлчилж байсан хааны бараа бологчид ийн хэлэв. —Хаанд үзэсгэлэнтэй онгон охидыг эрж олог. Хаан өөрийн хаанчлалын бүх мужид хянагч нарыг томилж, тэд үзэсгэлэнтэй онгон охин бүрийг нийслэл Суса уруу эмэгтэйчүүдийн байр уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин халамжинд цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг нь өгсүгэй! Тэгээд хааны таалалд нийцсэн залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэв. Энэ хэрэг хааны таалалд нийцсэн бөгөөд тэр түүнчлэн үйлдэв. Нийслэл Сусад бениамин хүн Кишийн хүү, Шимеигийн хүү, Иаирын хүү Мордехаи хэмээгч нэгэн иудей хүн байв. Тэр нь Вавилоны хаан Небухаднезарын цөлсөн Иудагийн хаан Иекониатай хамт цөлөгдсөн олзлогдогсодтой цуг Иерусалимаас цөллөгт ирсэн хүн юм. Тэгээд тэр авга ахынхаа охин Хадасса буюу Естерийг хүмүүжүүлж байв. Учир нь тэр охин эцэг эхгүй ажээ. Тэр залуу эмэгтэй бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан бөгөөд эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг охиноо болгон авчээ. Хааны тушаал болон зарлиг зарлагдан, олон залуу эмэгтэйчүүд нийслэл Суса уруу Хегаин халамжинд цуглацгааж байхад Естер хааны ордон уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин халамжинд хүргэгджээ. Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэр Естерийг оо энгэсгээр болон хүнсээр түргэн хангаж, түүнд хааны ордноос долоон шилмэл шивэгчнийг өгөн, түүнийг болон шивэгчдийг нь хааны эхнэрүүдийн байрны хамгийн сайн газар уруу шилжүүлэв. Естер өөрийн ард түмнээ ч, садан төрлөө ч илчилсэнгүй. Учир нь Мордехаи түүнд тэднийг илчилж болохгүй хэмээн захижээ. Тэгээд Мордехаи өдөр бүр хааны эхнэрүүдийн байрны хашааны өмнүүр Естерийн ямар байгааг болон юу болж байгааг мэдэх гэж урагшаа хойшоо холхидог байв. Залуу эмэгтэй бүрийн хаан Ахашверош уруу очих ээлж болоход тэр эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэлийг гүйцээх ёстой байв. Мирийн тосны зургаан сар, мөн эмэгтэйчүүдийн үнэртэн ба оо энгэсгийн зургаан сар ажээ. Залуу эмэгтэй нь хаан уруу ийм байдлаар орох ёстой. Эмэгтэйчүүдийн байрнаас хааны ордон уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгдөх юм. Орой нь тэрээр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь байр уруу буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын халамжинд очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ. Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөснөөс өөр зүйлийг тэр гуйсангүй. Тэгээд Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов. Ингээд Естерийг Ахашверошийн хаанчлалын долоо дахь жилийн Тебет буюу аравдугаар сард хааны ордонд Ахашверош хаан дээр авчрав. Хаан Естерийг бүх эмэгтэйчүүдээс илүү хайрлаж, Естер түүний таалал хийгээд энэрлийг бусад бүх онгон охидоос илүү олсон тул хаан хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. Дараа нь хаан их найр буюу Естерийн найрыг өөрийн бүх ноён болон албан хаагчдад зориулан хийсэн бөгөөд мөн мужууддаа амралтын өдрийг зарлан, өөрийн өгөөмөр зангаар бэлгүүдийг өгөв.

Хуваалцах
ЕСТЕР 2 унших