ЕФЕС 2:11-16
ЕФЕС 2:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймд санагтун. Та нар урьд махан биеэрээ харь үндэстэн байхдаа, махан биедээ хүний гараар “Хөвч хөндүүлсэн” гэж нэрлэгдэгсдээр “Хөвч хөндүүлээгүй” гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа. Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав. Тэр Өөрийнхөө дотор мөнөөх хоёрыг нэг шинэ хүн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хүчингүй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод, тэднийг аль алийг нь нэг бие дотор загалмайгаар дамжуулан Бурхантай эвлэрэх боломжтой болгов. Үүгээр дайсагналыг хөнөөв.
ЕФЕС 2:11-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Иймд санагтун. Та нар урьд махбодоороо харийнх байхдаа, махбоддоо гараар “Хозлуулсан” гэж нэрлэгдэгсдээр “Хозлуулаагүйчүүд” гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа. Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. Мөн зарлиг доторх тушаалуудын хуулийг хүчингүй болгож, хоёр байсныг Өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогоод, аль алийг нь нэг бие дотор загалмайгаар Бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөв.