ЕФЕС 2:1-9
ЕФЕС 2:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. Есүс дотор биднийг Түүгээр амилуулж, Түүнтэй хамт тэнгэрлэг оршихуйд суулгасан нь Христ Есүс дотор бидэнд хандсан Түүний нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно.
ЕФЕС 2:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн байв. Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.