НОМЛОГЧИЙН ҮГС 2:1-26

НОМЛОГЧИЙН ҮГС 2:1-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Би зүрхэндээ “Яв одоо. Би чамайг баяр цэнгэлээр сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэж хэлэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. Инээгчийг би “галзуу”, баяр цэнгэлийн тухайд “Юунд хэрэгтэй юм бэ?” гэж хэлэв. Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ бие махбодоо дарсаар хэрхэн цэнгүүлж, хэрхэн мунхаглалыг барьж авах вэ гээд тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн хоногт хүмүүний хөвгүүд юуг хийх нь сайн бэ гэдгийг мэдэх хүртэлээ ухаанаа чилээж ирлээ. Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж бас усан үзмийн цэцэрлэг байгуулав. Би өөртөө цэцэрлэг бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгалаа. Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө усан сан байгууллаа. Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсаны сацуу унаган боолууд ч бас надад бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв. Би бас хаад болон нутгуудаас өөртөө алт, мөнгө хийгээд эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба хүний хөвгүүдийн зугаа болох олон эмс надад байв. Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна. Нүд минь хүсэмжилж буй бүгдээс би эс татгалзав. Ямар ч баяр цэнгэлээс би зүрхээ татаж байсангүй. Учир нь зүрх минь миний бүх зүтгэлд баяссан юм. Энэ л миний бүх зүтгэлийн шан харамж ажээ. Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг байв. Наран доор ашиг алга. Иймээс би мэргэн ухаан ба тэнэг мулгууг тунгааж үзэхээр эргэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ? Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би үзэв. Мэргэний мэлмий толгойдоо байхад харин тэнэг нь харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь тавилан нөмрөхийг би мэдэв. “Тэнэгт ногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би зүрхэндээ хэлэв. Ингээд би зүрхэндээ “Энэ мөн л хоосон аж” гэв. Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон. Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядлаа. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж. Наран доор зүтгэсэн бүх зүтгэлээ би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хүнд үлдээх учиртай ажээ. Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. Тиймээс наран доор зүтгэсэн бүх зүтгэлээсээ болоод би сэтгэл хоёрдон эргэв. Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэг, чадвартай зүтгээд дараа нь зүтгээгүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар муу хэрэг мөн. Наран доор зүрхээрээ хичээж зүтгэсэн бүхий л зүтгэлээсээ хүн ер нь юуг нь авах юм бэ? Учир нь хүний бүх л өдөр зовлон шаналалтай, зүтгэл нь утгагүй, шөнө ч сэтгэл оюун нь эс амрах аж. Энэ нь мөн л хоосон ажээ. Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ? Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.

НОМЛОГЧИЙН ҮГС 2:1-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Би өөртөө өгүүлрүүн “Ир, одоо. Би чамайг тааламжит байдлаар сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. Инээгчийг би “галзуу” гэж, тааламж баяслын тухайд “Юу болж байна?” гэхчлэн боддог байв. Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ яаж өөрийн биеийг сархад дарсаар цэнгүүлэх вэ? Тэгээд мөн яаж бас тэнэг байх вэ? гэж өөрийн ухааныг чилээж ирлээ. Тэгэхдээ тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн жилүүдэд хүмүүний хөвгүүд юуг хийх нь зөв ба юу хийх ёстой байв гэдгийг өнөөг хүртэл би мэдэж үл чадлаа. Би ажил үйлсээ ихэсгэж байлаа. Өөртөө зориулан байшингууд барьж, өөртөө усан үзмийн цэцэрлэг суулгав. Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан. Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан. Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсан ба мөн унаган боолууд ч бас бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв. Би бас өөртөө алт, мөнгө хийгээд хаад болон нутгуудаас эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба эр хүний зугаа болох олон татвар эмс надад байв. Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна. Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн шан харамж ажээ. Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга. Иймээс би мэргэн ухаан, галзуу хийгээд тэнэг мулгууг тунгааж үзэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ? Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би ойлгов. Мэргэн хүний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь заяа нөмөрч байдгийг би мэднэ. “Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би өөртөө хэлэв. Ингээд би өөртөө “Энэ мөн л хоосон аж” гэв. Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж. Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ. Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. Тиймээс наран доор хөдөлмөрлөсөн өөрийн бүх хөдөлмөрийн үр жимсийг би бүхэлд нь үгүйсгэв. Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэгтэй, чадварлаг ажиллаад дараа нь өөртэй нь хамт ажиллаагүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар бузар булай хэрэг мөн. Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ? Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ. Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ? Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.