ДЭД ХУУЛЬ 31:1-8

ДЭД ХУУЛЬ 31:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингээд Мосе гараад, бүх Израильд хандаж хэлсэн үгс энэ болой. Тэрээр тэдэнд хандан —Би өнөөдөр зуун хорин настай. Би цаашид ирж очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан. Чиний Бурхан ЭЗЭН чамаас урьтаж гатлан, чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд тэдний газрыг эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Иорданыг гатална. ЭЗЭНий урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нар болон тэдний газар нутагт үйлдсэн шигээ тэдэнд ч бас үйлдэнэ. ЭЗЭН тэднийг та нарт тушаан өгнө. Та нар тэднийг миний та нарт тушаасан бүх тушаалын ёсоор болго. Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв. Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд —Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой. Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.

ДЭД ХУУЛЬ 31:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Мосе, бүх Израильд хандаж эдгээр үгсийг үргэлжлүүлэн ярив. Тэрээр тэдэнд —Би өнөөдөр зуун хорин настай. Цаашид би гарч очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан. Бурхан ЭЗЭН чинь чамаас урьтаж гатлан чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд газрыг нь эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Тэр өөрөө Иорданыг гатална. Урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нарт болон газар нутагт нь ЭЗЭН үйлдсэн шигээ тэдэнд ч бас тийн үйлдэнэ. ЭЗЭН, тэднийг та нарт тушаан өгөхөд нь та нар миний тушаасан бүх тушаал ёсоор тэдэнд үйлд. Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч! Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд —Чи тууштай бөгөөд зоригтой бай! Учир нь чи эцэг өвгөдөд нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой. Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.