ДЭД ХУУЛЬ 17:4-20
ДЭД ХУУЛЬ 17:4-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
энэ нь чамд мэдэгдэж, чи түүний тухай сонссон бол сайтар шалгаж үз. Хэрэв тэр нь үнэн байгаад, Израильд ийм жигшүүрт хэрэг гарсан гэдэг нь батлагдвал чи тийм бузар муу хэрэг хийсэн тэр эрийг, эсвэл тэр эмийг хотын дааман хаалга уруу аваачиж, чулуу чулуудаж ал. Алуулах хүнийг хоёроос гурван гэрчийн амаар алагтун. Харин ганц гэрчийн амаар бүү ал. Түүнийг алах үед эхлээд түүний эсрэг гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүмүүсийн гарыг хүргэ. Та нар өөрсдийнхөө дундаас муу муухай хэргийг тэгж зайлуул. Хэрэв хотын чинь доторх маргаанаас бие биеийнхээ цусыг урсгасан юм уу, бие биетэйгээ маргалдсан, эсвэл бие биеэ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж, Леви овгийн тахилч юм уу, тэр үед байх шүүгч дээр очиж тэдний тухай асууж лавла. Тэгвэл тэд чамд хэрхэн шүүн хэлэлцэхийг заана. Чи ЭЗЭНий сонгон авах газраас тэдний чамд өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар. Тэдний чамд зааж өгөх хуулийн зүйл анги, тэдний чамд хэлж өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Тэдний чамд хэлсэн үгээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр тэнд зогсож буй тахилч юм уу, шүүгчийг сонсохгүй давлиун загнах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас муу муухайг ингэж зайлуул. Тэгвэл бүх хүмүүс түүнийг сонсож, айгаад дахин тийм давлиун явдал гарахгүй. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнүүдийнх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя” гэвэл чи заавал ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр суух хаанаар зал. Чи ах дүүсийнхээ хэн нэгийг өөрийнхөө дээр суух хаан болго. Харин чиний ах дүү биш, харийн хүнийг өөрийнхөө дээр суух хаанаа бүү болго. Тэрээр өөрийнхөө төлөө адуугаа өсгөх ч ёсгүй, адуугаа өсгөхөөр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ. Тэр хүн өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй. Тэрээр өөртөө зориулан алт мөнгөө арвижуулж болохгүй. Тэрээр хаан ширээнд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг энэ номоос энэ хуулийг өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж аваад, өөртөө хадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой. Энэ нь тэр хүн энэ хуулийн бүх үгсийг, эдгээр зарлигийг хянан сахиснаараа өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээхийг сурахын тулд бөгөөд түүний зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүйн тулд, хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.
ДЭД ХУУЛЬ 17:4-20 Ариун Библи 2013 (АБ2013)
энэ нь чамд мэдэгдэж, чи түүний тухай сонссон аваас сайтар шалгаж үз. Хэрэв тэр нь үнэн байгаад, Израильд ийм жигшүүрт хэрэг гарсан гэдэг нь батлагдвал чи тийм ёрын муу үйл хийсэн эрийг эсвэл эмийг хотын гулдан хаалганд аваачиж, тэр эр эсвэл эмийг үхтэл нь чулуугаар шид. Алуулах хүнийг хоёр гэрчийн амаар эсвэл гурван гэрчийн амаар ал. Харин ганц гэрчийн амаар түүнийг бүү ал. Түүнийг алах үед эхлээд гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүний гар хүрэг. Та нар ёрын мууг ийнхүү дундаасаа зайлуул. Хэрэв хотын чинь доторх маргаан зөрчлөөс болж бие биенийхээ цусыг урсгасан, бие биентэйгээ маргалдсан эсвэл бие биенээ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож, ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж, Леви овгийн тахилч юмуу, тэр үед байх шүүгч дээр очиж, асууж лавла. Хэргийг хэрхэн шийдвэрлэхийг тэд чамд мэдүүлнэ. ЭЗЭНий сонгон авах газраас чамд мэдүүлсэн тушаал үг ёсоор чи гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар. Чамд зааж өгөх хуулийн үг, чамд хэлж өгөх шүүлт ёсоор нь чи гүйцэтгэ. Чамд хэлсэн үгээс нь баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр зогсож буй тахилч юмуу шүүгчийг сонсохгүй давлиун зан гаргах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас ёрын мууг ингэж зайлуул. Тэгвэл бүх хүн үүнийг сонсоод, айж эмээн цаашид ийнхүү давлиун загнахгүй. ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэн шиг, хааныг дээрээ залъя” гэвэл чи ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Чи ах дүүсийнхээ дундаас өөрийнхөө дээр хаан болго. Харин ах дүү чинь бус, гаднын хүнийг чи өөрийнхөө дээр хаанаа бүү болго. Тэр өөртөө адуу үржүүлэх ёсгүй, адуугаа үржүүлүүлэхээр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ. Зүрх нь уруу татагдахгүйн тулд тэр хүн олон эхнэр авах ёсгүй. Тэр өөртөө алт мөнгөө арвижуулж болохгүй. Тэрээр хаанчлалынхаа сэнтийд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг номоос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад, өөртөө байлгаж, түүнийгээ амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр, уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үйлдэж, Бурхан ЭЗЭНээсээ эмээхийг сурах бөгөөд зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүй мөн уг тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.