ДЭД ХУУЛЬ 17:14-20

ДЭД ХУУЛЬ 17:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнүүдийнх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя” гэвэл чи заавал ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр суух хаанаар зал. Чи ах дүүсийнхээ хэн нэгийг өөрийнхөө дээр суух хаан болго. Харин чиний ах дүү биш, харийн хүнийг өөрийнхөө дээр суух хаанаа бүү болго. Тэрээр өөрийнхөө төлөө адуугаа өсгөх ч ёсгүй, адуугаа өсгөхөөр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ. Тэр хүн өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй. Тэрээр өөртөө зориулан алт мөнгөө арвижуулж болохгүй. Тэрээр хаан ширээнд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг энэ номоос энэ хуулийг өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж аваад, өөртөө хадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой. Энэ нь тэр хүн энэ хуулийн бүх үгсийг, эдгээр зарлигийг хянан сахиснаараа өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээхийг сурахын тулд бөгөөд түүний зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүйн тулд, хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.

ДЭД ХУУЛЬ 17:14-20 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэн шиг, хааныг дээрээ залъя” гэвэл чи ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Чи ах дүүсийнхээ дундаас өөрийнхөө дээр хаан болго. Харин ах дүү чинь бус, гаднын хүнийг чи өөрийнхөө дээр хаанаа бүү болго. Тэр өөртөө адуу үржүүлэх ёсгүй, адуугаа үржүүлүүлэхээр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ. Зүрх нь уруу татагдахгүйн тулд тэр хүн олон эхнэр авах ёсгүй. Тэр өөртөө алт мөнгөө арвижуулж болохгүй. Тэрээр хаанчлалынхаа сэнтийд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг номоос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад, өөртөө байлгаж, түүнийгээ амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр, уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үйлдэж, Бурхан ЭЗЭНээсээ эмээхийг сурах бөгөөд зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүй мөн уг тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна