ДЭД ХУУЛЬ 1:26-40
ДЭД ХУУЛЬ 1:26-40 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэвч та нар тийш явахаас дургүйцэж, Бурхан ЭЗЭНийхээ тушаалын эсрэг тэрсэлсэн билээ. Та нар майхан дотроо гомдоллож, “ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египет нутгаас авчирсан байна. Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэцгээсэн. Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай! Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарт үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно. Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв. Гэвч энэ бүхэнд та нар Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй. Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг. Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, хилэгнэн тангараглаж айлдахдаа, “Энэ ёрын муу үеийнхэн буюу энэ хүмүүсийн нэг нь ч эцэг өвгөдөд чинь өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй! Зөвхөн Иефуннегийн хүү Калеб тэр газрыг үзэх болно. Тэр ЭЗЭНийг бүрэн дагасан учир түүний гишгэсэн газрыг нь Би түүнд бас түүний хөвгүүдэд өгнө” гэв. ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй. Чиний өмнө зогсдог, Нуны хүү Иошуа тийшээ орно! Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун! Үүнээс гадна, олз болох нь хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ. Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх зам дагуух цөл уруу хөдөлцгөө!” гэсэн билээ.
ДЭД ХУУЛЬ 1:26-40 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэвч та нар тийш явахаас дургүйцэн, өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлсэн билээ. Та нар майхан дотроо гомдоллож “ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египетийн нутгаас авчирсан байна. Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэсэн. Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай. Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарын төлөө үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно. Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл та нарын явсан бүх замын туршид хэрхэн үүрч, дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв. Гэвч энэ бүхэнд та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй. Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг. Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, уурлан тангараглаж айлдахдаа “Энэ бузар муу үеийнхэн буюу эдгээр хүмүүсийн нэг нь ч та нарын өвөг дээдэст өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй. Харин Иефуннегийн хүү Калеб ЭЗЭНийг бүрэн дагасны учир тэр газрыг үзэх болно. Түүний гишгэсэн газрыг нь Би түүнд болон түүний хөвгүүдэд өгнө” гэв. ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй. Харин чамд үйлчилдэг, Нуны хүү Иошуа тийшээ орно. Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун. Үүнээс гадна, олзлогдогсод болно хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ. Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл уруу хөдөлцгөө” гэсэн.