ДАНИЕЛ 7:1-8

ДАНИЕЛ 7:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

Вавилоны хаан Белшазарын нэг дэх жилд Даниел хэвтэж байхдаа орондоо зүүд зүүдэлж, оюун ухаан дотроо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн, доорх зүйлсийг ярив. Даниел —Шөнө би үзэгдэл харж байхад, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байв. Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв. Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Түүний жигүүрүүд таслагдаж, тэрээр газраас хөөрөн босоод, хүн шиг хоёр хөл дээрээ зогсох хүртэл би харсаар байлаа. Түүнд хүний оюун ухаан өгөгдөв. Харагтун, дараагийн хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотор нь, шүднийх нь завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв. Үүний дараа би харсаар байтал, харагтун ирвэс шиг өөр нэгэн араатан нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв. Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь аймшигтай, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, эвдэж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнуудаас ялгаатай бөгөөд арван эвэртэй байв. Би тэдгээр эврүүдийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй бөгөөд ихээр бардамнан ярих амтай болов.

Хуваалцах
ДАНИЕЛ 7 унших

ДАНИЕЛ 7:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

Вавилоны хаан Белшазарын анхдугаар онд Даниел орондоо зүүд зүүдэлж, толгойдоо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн доорх зүйлсийг ярив. Даниел —Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав. Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв. Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Намайг харсаар байтал жигүүр нь таслагдаж, тэрээр газраас өргөгдөн хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүний зүрх өгөгдөв. Харагтун, нөгөө хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотроо, шүднийхээ завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв. Үүний дараа би харсаар байтал харагтун, ирвэс шиг өөр нэгэн нь нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв. Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, хэсэгчиж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв. Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.

Хуваалцах
ДАНИЕЛ 7 унших