ДАНИЕЛ 6:1-24
ДАНИЕЛ 6:1-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хаанчлал даяараа зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв. Мөн тэдний дээр гурван сайдыг томилсон бөгөөд (тэдний нэг нь Даниел юм). Учир нь хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа. Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнсийг авсан тул сайд нар, аймгийн захирагчдаас тодорч эхэлсэн бөгөөд хаан түүгээр бүх хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв. Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Харин ч тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайхрамжгүй байдал, эсвэл завхрал олдсонгүй. Тэгээд тэр хүмүүс —Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүнийг буруутгах үндсийг бид олохгүй нь гэж хэлэлцэв. Тэгээд эдгээр сайд нар болон аймгийн захирагчид хуйвалдан, хаанд очиж, —Дариус хаан минь, мөнх насалтугай! Хаанчлалын бүх сайд, аймгийн захирагчид, цэргийн ноёд, зөвлөгчид ба түшмэд хэлэлцээд, хаанаас нэгэн тогтоол гаргаж, тушаал мөрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь гуч хоногийн туршид хаантан минь, танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн этгээд арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм. Хаан минь, одоо энэ тушаалыг гаргаж, Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зурагтун гэв. Тиймээс Дариус хаан албан бичиг буюу тушаал дээр гарын үсгээ зурав. Тэрхүү албан бичигт гарын үсэг зурсныг Даниел мэдсэн үед гэртээ ороод, (дээд давхрын өрөөндөө тэрээр Иерусалимын зүг уруу харсан онгорхой цонхтой байлаа) урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа. Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө гуйлт хүсэлтээ өргөж байхыг олж харав. Тэд хаанд очин, хааны тушаалын тухай сануулж —Хаантан минь, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэнийг ч болов арслангийн нүхэнд хаях болно гэсэн тушаалд гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд, хаан хариулан —Энэ тунхаглал Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор үнэн зүйл юм гэв. Тэгэхэд тэд хаанд хариулан, —Иудагаас ирсэн олзлогдогсдын хүмүүсийн нэг Даниел, хаан минь, таныг болон таны гарын үсгээ зурсан зарлигийг ч үл ойшоон, өдөрт гурван удаа гуйлтаа өргөсөөр л байна гэв. Хаан энэ тунхаглалыг сонсонгуутаа гүн уй гашууд автаж, Даниелыг аврахаар оюун санаагаа чиглүүлжээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал бүх хүчээ гаргав. Дараа нь тэр хүмүүс хуйвалдан, хаан дээр ирээд, —Хаантан минь, Меде, Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон тушаал, эсвэл тогтоол өөрчлөгдөж болдоггүй гэдгийг мэдтүгэй! гэв. Тэгээд хаан зарлиг буулгаж, Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан Даниелд —Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг Өөрөө аврах болно гэв. Чулуу өнхрүүлэн авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон өөрийн язгууртнуудын тамган бөгжөөр түүнийг тамгалж лацдав. Хаан ордон уруу буцаад, мацаг барин шөнийг өнгөрүүлсэн бөгөөд ямар ч зугаацуулах зүйлийг үзээгүй, нойр нь ч хулжжээ. Ингээд хаан үүрээр, өдөр эхэлж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. Тэрээр Даниел уруу, нүх уруу дөхөж очоод зовсон дуугаар хашхирч, Даниелыг дуудаж —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. Даниел хаанд хариулан —Хаантан минь, мөнх насалтугай! Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд надад хор учруулсангүй. Харин ч би Түүний өмнө гэмгүйд тооцогдож, бас хаан минь, танд ямар ч гэм хийгээгүй гэв. Хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаасан. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө. Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ.
ДАНИЕЛ 6:1-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Хаанчлал даяар зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв. Мөн Даниелийг оролцуулаад тэдний дээр гурван сайдыг томилжээ. Хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа. Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнстэй тул сайд, аймгийн захирагчдаас тодорч, улмаар хаан түүгээр бүхэл хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв. Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Учир нь тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайш яйш юм буюу завхрал олдсонгүй. Тэгээд тэр хүмүүс —Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүний эсрэг ямар ч шалтаг бид олохгүй нь гэж хэлэлцэв. Тэгээд энэ сайд нар ба аймгийн захирагчид хуйвалдан хаанд очиж, түүнд хэлэхдээ —Дариус хаантан, мөнх насалтугай! Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм. Өө хаантан! Одоо захирамж гаргаж, Меде ба Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зуртугай гэв. Тиймээс Дариус хаан албан бичиг ба захирамж дээр гарын үсгээ зурав. Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв. Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө залбирч, гуйж байхыг олж харав. Тэгээд тэд хаанд ойртон ирж, хааны захирамжийн тухай айлтгахдаа —Өө хаантан, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд хандан гуйсан аливаа хүнийг арслангийн нүхэнд хаях болно гэсэн захирамжид та гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд хаан хариулан —Энэ тунхаглал Меде ба Персийн хувиршгүй хууль ёсоор үнэн зүйл юм гэв. Тэгэхэд тэд хаанд хариулан, —Хаантан, Иудагаас олзлогдсон хөвгүүдийн нэг Даниел, танд болон гарын үсгээ зурсан захирамжид тань анхаарал эс хандуулан өдөрт гурван удаа залбирсаар л байна гэв. Тэгтэл хаан энэ айлтгалыг сонсонгуутаа гүн уй гунигт автаж, Даниелыг аврахаар санаа шулууджээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал зүтгэв. Дараа нь тэр хүмүүс хуйвалдан хаан дээр ирээд, хаанд —Өө хаантан, Меде ба Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон захирамж буюу тогтоол өөрчилж болдоггүйг мэдсүгэй! гэв. Тэгээд хаан тушааж, тэд Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан, Даниелд —Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг аврах болтугай гэв. Чулуу авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон ихэс дээдсийнхээ тамган бөгжөөр түүнийг лацдав. Хаан ордон уруугаа явж, мацаг барин шөнийг өнгөрүүлж, ямар ч зугаацуулах зүйлийг авчруулсангүй, нойр нь ч хулжжээ. Ингээд хаан үүрээр, гэгээ орж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай! Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв. Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө. Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ.