ДАНИЕЛ 10:1-21

ДАНИЕЛ 10:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

Персийн хаан Корешийн гурав дахь жилд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, энэ үзэгдлийг ч ухаарав. Тэр өдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашуудсан билээ. Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах ба дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй. Эхний сарын хорин дөрөв дэх өдөр би Тигр хэмээх их мөрний эрэг дээр зогсож байгаад, нүдээ дээш өргөн харахад, маалинган хувцас өмсөж, Уфазын шижир алтан бүс бүсэлсэн нэгэн хүн үзэгдэв. Мөн түүний бие нь биндэрьяа чулуу шиг, царай нь аянгын дүртэй, нүд нь дүрэлзсэн бамбар шиг, гар ба хөл нь өнгөлсөн хүрлийн гялбаа шиг, бас дуу хоолой нь түмэн хүний дуу мэт бөлгөө. Даниел би л ганцаараа энэ үзэгдлийг харсан. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс энэ үзэгдлийг хараагүй боловч тэднийг агуу их айдас нөмөрч, тэд зугтан нуугдацгаасан билээ. Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй. Ингээд би түүний үгийг сонссон. Түүний үгийг сонсонгуут би нүүрээрээ газар унаж, гүн нойронд автав. Харагтун, нэгэн гар надад хүрсэнд, би чичирсээр өвдөг ба гарынхаа алган дээр босов. Тэрээр надад —Ихэд хүндлэгддэг Даниел аа, чамд хэлэх гэж буй миний үгийг ойлгож, цэх шулуун зогсогтун. Юу гэвэл би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов. Тэрээр надад —Бүү ай, Даниел аа. Учир нь үүнийг ойлгож авахаар, мөн өөрийн Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ. Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг болох Михаел надад туслахаар ирсэн. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв. Хожмын өдрүүдэд чиний ард түмэнд юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдэд хамаарна гэв. Тэрээр надад эдгээр үгийг хэлэнгүүт би нүүрээрээ газар ширтэн, дуугүй болсон. Хүний хүү шиг дүрстэй нэгэн уруулд минь хүрч байв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан —Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, надад ямар ч хүч үгүй боллоо. Учир нь эзэний минь ийм зарц миний эзэнтэй хэрхэн ярьж чадах билээ? Миний хувьд гэвэл, одоо надад ямар ч тамир тэнхээ үлдээгүй, амьсгал ч үгүй болсон гэв. Тэгэхэд хүний дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг чадалтай болгов. Тэрээр —Ихэд хүндлэгддэг хүн ээ, бүү ай. Амар амгалан чамд байг. Зоригийг ав, зоригтой болтугай! гэв. Тэр надад ингэж хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж, —Миний эзэн та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв. Тэгээд тэрээр —Би чам уруу юуны тулд ирснийг чи ойлгож байна уу? Гэвч би одоо Персийн жононтой байлдахаар буцах ёстой. Тиймээс би явлаа, харин харагтун, Грекийн жонон ирэх гэж байгаа. Гэвч үнэний бичээст юу гэж бичигдсэнийг би чамд хэлнэ. Гэсэн ч танай жонон Михаелаас өөр, эдгээр хүчнүүдийн эсрэг надтай хамт бат зогсох хүн байхгүй юм гэв.

Хуваалцах
ДАНИЕЛ 10 унших

ДАНИЕЛ 10:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)

Персийн хаан Корешийн гуравдугаар онд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, үзэгдлийг ч ухаарав. Тэр өдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашуудсан билээ. Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах, дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй. Эхний сарын хорин дөрөв дэх өдөр би Тигр хэмээх их мөрний эрэг дээр зогсож байгаад, нүдээ өргөн харахад, маалинган хувцас өмсөж Уфазын шижир алтан бүс бүсэлсэн нэгэн хүн үзэгдэв. Мөн бие нь биндэрьяа чулуу шиг, царай нь аянгын дүртэй, нүд нь дүрэлзсэн бамбар шиг, гар, хөл нь өнгөлсөн хүрлийн гялбаа шиг бас дуу хоолой нь түмэн хүний дуу мэт бөлгөө. Даниел би л ганцаараа энэ үзэгдлийг харсан. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс энэ үзэгдлийг хараагүй боловч тэднийг үлэмж их айдас нөмөрч, тэд зугтан нуугдацгаасан билээ. Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй. Ингээд би үгийг нь сонслоо. Үгийг сонсонгуут би нүүрээрээ газар унаж, гүн нойронд автав. Харагтун, нэгэн гар надад хүрсэнд би чичирсээр өвдөг хийгээд гарынхаа алган дээр босов. Тэрээр надад —Ихээр хайрлагдсан Даниел аа, чамд хэлэх гэж буй үгийг ойлгож, цэх зогсогтун. Би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов. Тэрээр надад —Бүү ай, Даниел аа. Ухаарал авч, Бурханыхаа өмнө өөрийгөө дорд болгохоор зүрх гаргасан анхны өдрөөс чиний үгсийг Бурхан сонссон учир би үгсийн чинь улмаас ирлээ. Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг, Михаел надад туслахаар ирэв. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв. Хожмын өдрүүдэд ард түмэнд чинь юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдийнх юм гэв. Тэрээр надад эдгээр үгийг хэлэнгүүт би нүүрээрээ газар шагайн, дуугүй болов. Хүний хүү шиг дүртэй нэгэн уруулд минь хүрэв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан —Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, би ямар ч хүчгүй боллоо. Учир нь эзний минь ийм зарц би хэрхэн ийм эзэнтэйгээ ярьж чадах билээ? Миний хувьд, одоо надад ямар ч тамир тэнхээ алга, амьсгал ч үлдсэнгүй гэв. Тэгэхэд хүн дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг тэнхээтэй болгов. Тэрээр —Бүү ай, үлэмж хайрлагдсан хүн ээ. Амар амгалан чамд байг. Тууштай бай, тийм ээ, тууштай бай! гэв. Тэр надад хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж, —Эзэн минь та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв. Тэгээд тэрээр —Би чам уруу юуны тулд ирснийг чи ойлгож байна уу? Гэвч би одоо Персийн жононтой байлдахаар буцах ёстой. Тиймээс би явлаа. Харин харагтун, Грекийн жонон ирэх гэж байна. Гэвч үнэний цадигт юу гэж бичигдсэнийг би чамд хэлнэ. Гэсэн ч танай жонон Михаелаас өөр, энэ хүчнүүдийн эсрэг надтай хамт бат зогсох хэн ч үгүй гэв.

Хуваалцах
ДАНИЕЛ 10 унших