ДАНИЕЛ 1:1-21
ДАНИЕЛ 1:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гурав дахь жилд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав. Иудагийн хаан Иехоиакимыг Бурханы өргөөний зарим савнуудын хамт Небухаднезарын гарт Эзэн өгсөнд, тэдгээрийг Шинарын нутаг уруу өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавив. Тэгээд хаан тайгануудынхаа тэргүүн Ашпеназад, сурвалжит гэр бүлээс хийгээд язгууртнуудаас оролцуулан Израилийн хөвгүүдээс заримыг авчрахыг тушаав. Тэд бие махбодын талаар согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заахыг тушаав. Хаан тэдэнд өөрийн амттан шимттэн болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн, гурван жил сургахаар тогтоосон ажээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орж зүтгэх байлаа. Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв. Тайгануудын тэргүүн тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него гэж нэрлэв. Харин хааны амттан шимттэнээс болон түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгануудын тэргүүлэгчээс гуйв. Бурхан Даниелд тайгануудын тэргүүлэгчээр дамжуулан хайр хийгээд өршөөлийг үзүүлэв. Тайгануудын тэргүүлэгч Даниелд —Та нарын идээ, ундааг зааж өгсөн өөрийн эзэн хаанаас би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас ядруу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нарын үйлдэл миний толгойг хааны өмнө цаазаар авахуулахад хүргэх юм хэмээв. Гэвч Даниел, өөрийг нь болон Хананиа, Мишаел, Азариа нарыг харгалзуулахаар тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан — Та боолуудаа арван өдөр туршиж, бидэнд идэх ногоо, уух усыг хангаж өгөөч. Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайг өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв. Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив. Арван өдрийн эцэст харахад хааны амттан шимттэнээс хүртсэн бүх залуусаас тэд илүү тарган цатгалан, царай зүс нь илүү өнгөлөг байв. Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа. Энэ дөрвөн залууд Бурхан уран зохиол ба мэргэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа. Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын тэргүүн тэднийг Небухаднезарт бараалхууллаа. Хаан тэдэнтэй ярилцсанд, тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны хувийн үйлчлэлд орлоо. Хаан тэдэнтэй мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ. Даниел Кореш хааны нэг дэх жил болтол байлаа.
ДАНИЕЛ 1:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гуравдугаар онд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав. Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ. Тэгээд хааны удам хийгээд язгууртнуудаас оролцуулсан Израилийн хөвгүүдээс авчрахыг тайгануудынхаа ахлагч Ашпеназад, хаан тушаав. Залуус бие махбодын согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц, ялгаж салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэх чадвартай байх ёстой байлаа. Тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заах ёстой байв. Хаан тэдэнд амттан шимттэнээсээ болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн гурван жил сургахаар тогтоосон ажээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орох байлаа. Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв. Тайгануудын ахлагч тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абеднего гэж нэрлэв. Харин хааны идээ тэргүүтэн, түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниел сэтгэлдээ бат шийджээ. Тиймээс тэрээр өөрийгөө бохирлохгүй байх талаар тайгануудын ахлагчаас гуйв. Бурхан, тайгануудын ахлагчаар дамжуулан Даниелд хайр өршөөлийг үзүүллээ. Тайгануудын ахлагч, Даниелд —Идээ, ундааг чинь зааж өгсөн эзэн хаанаасаа би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас гундуу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нар хааны өмнө толгойг минь аюулд унагана хэмээв. Гэвч Даниел, өөрийнх нь болон Хананиа, Мишаел, Азариа нарын дээр тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан — Та арван өдөр туршиж, боолуудаараа бидэнд идэх ногоо, уух ус өгүүлээч. Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайтай өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв. Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив. Арван өдрийн эцэст харахад хааны идээ тэргүүтнээс хүртсэн хамаг залуусаас царай зүс нь илүү өнгөлөг, бие махбод нь илүү тарган байв. Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа. Бурхан энэ дөрвөн залууд эрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюуны чадвар, мэргэн ухааныг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл, зүүдийг ойлгодог байлаа. Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын ахлагч тэднийг Небухаднезарт бараалхууллаа. Хаан тэдэнтэй ярилцсанд тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны үйлчлэлд орлоо. Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ. Кореш хааны анхдугаар он болтол Даниел тэнд байлаа.