КОЛОССАЙ 1:1-20

КОЛОССАЙ 1:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурханы хүслээр Есүс Христийн элч Паул болон дүү Тимотоос Колоссайд буй ариун хүмүүст буюу Христ дэх итгэлт ах дүү нарт. Бидний Эцэг Бурханаас нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид залбирахдаа та нарын төлөө үргэлж талархдаг нь бид Христ Есүст итгэх итгэл болоод бүх ариун хүмүүсийн төлөөх хайрыг чинь сонссоны учир бөгөөд тэнгэрт та нарт хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайнмэдээний үнэний үгээс сонссон. Сайнмэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч адил байна. Үүнийг та нар, өмнөөс маань үйлчилдэг, Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас суралцсан. Тэр бас Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд таниулсан. Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж, Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч, гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог. Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болой. Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.

КОЛОССАЙ 1:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурханы хүслээр Есүс Христийн элч болсон Паул би болон дүү Тимот Колоссайд байгаа ариун хүмүүст буюу Христ доторх итгэлт ах дүү нарт илгээв. Бидний Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг нь бид Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүний төлөөх та нарын хайрыг сонссоны учир бөгөөд тэнгэрт та нарт зориулж хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайн мэдээ болох үнэний үгнээс сонссон. Сайн мэдээ нь та нарт хүрчээ. Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс эхлээд энэ нь та нарын дунд хэрхэн байгаачлан мөн бүх дэлхийд байнга үр жимс ургуулж өсгөж байна. Түүнчлэн бидний өмнөөс үйлчилдэг Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас та нар суралцсан. Тэр бас Сүнс доторх та нарын хайрын тухай бидэнд мэдэгдсэн юм. Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай, мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөж, Түүний цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдон, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч, гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. Учир нь Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог. Тэр мөн бие болох чуулганы тэргүүн мөн. Тэр бол эхлэл мөн, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд юм. Яагаад гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.