АМОС 5:10-15
АМОС 5:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг. Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй. Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ. Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч, дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог. Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг. Учир нь энэ бол ёрын цаг. Та нар амьдрахын тулд мууг биш, харин сайныг хай. Та нарын хэлсэн ёсоор түмэн цэргийн ЭЗЭН Бурхан ийнхүү та нартай хамт байх болтугай. Мууг үзэн яд, сайныг хайрла. Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо. Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.
АМОС 5:10-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг. Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй. Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ! Хай, ёрын мууг бус, сайныг хай, Тэгвэл амьд үлдэнэ. Та нарын хэлсэн ёсоор түг түмдийн Бурхан ЭЗЭН Тийнхүү та нартай хамт байх болтугай. Мууг үзэн яд, сайныг хайрла Дааман хаалган дээр шүүхийг тогтоо. Тэгвэл түг түмдийн Бурхан ЭЗЭН Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магад.