АМОС 5:1-13

АМОС 5:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс. Онгон Израиль нь унаад, дахин босохгүй. Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга. Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ. Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үлдэнэ”. Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна. “Та нар амьдрахын тулд Намайг хай”. Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”. Та нар амьдрахын тулд ЭЗЭНийг хай. Эс тэгвэл Иосефын гэр ээ, Тэр гал мэт гарч, түймэрдэх болно. Бетелд түүнийг унтраах юу ч алга. Та нар бол шударга байдлыг агь болгож, шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм”. Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудан газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН. Сүйрэл нь бэхлэлт дээр ирэхийн тулд хүчтэн дээр сүйрлийн хамт урагш цахилагч нь Тэр юм. Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг. Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй. Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ. Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч, дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог. Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг. Учир нь энэ бол ёрын цаг.

Хуваалцах
АМОС 5 унших

АМОС 5:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс. Онгон Израиль унаад, дахин үл босно. Тэр нутагтаа хаягдсан. Түүнийг босгох хэн ч алга. Учир нь Эзэн БУРХАН айлдаж байна. “Израилийн гэрт мянгатыг гаргагч хот нь зуутай үлдэнэ. Зуутыг гаргагч нь аравттай л үлдэнэ” Учир нь Израилийн гэрийг ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хай Намайг, тэгвэл амьд үлдэнэ. Харин Бетелийг бүү хай, Гилгал уруу бүү оч, Беершебагаар бүү дайр. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетелд золгүй явдал учирна Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ. Эс тэгвэл Иосефын гэрт Тэр гал мэт гарч, цөлмөх болно. Бетелд түүнийг унтраах хэн ч үгүй. Шүүхийг шарилж болгож, Зөвт байдлыг та нар газар хаядаг” Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн, Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, Тэнгисийн усыг дуудан Газрын гадаргуу дээр асгадаг Түүний нэр ЭЗЭН. Хүчтэн дээр сүйрлийг цахилуулж, Бэхлэлтэд сүйрлийг ирүүлэгч нь Тэр юм. Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг. Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй. Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ!

Хуваалцах
АМОС 5 унших