ҮЙЛС 8:4-13

ҮЙЛС 8:4-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. Филип Самарийн хотод ирж, тэдэнд Христийг тунхаглав. Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхаарч байлаа. Учир нь бузар сүнстэй олноос тэдгээр нь чанга дуугаар хашхиран зайлж байсан юм. Саа өвчтэй болон эрэмдэг олон эдгэрч байв. Тэр хот үлэмж баяр баясалтай байв. Симон гэгч нэгэн эр өөрийгөө агуу нэгэн хэмээн хотод илбэ үзүүлэн, самаричуудыг урьд нь гайхшруулж байжээ. Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж, —Агуу хэмээгдэх Бурханы хүч чинь энэ л байна гэцгээдэг байж. Тэр удаан хугацааны турш тэднийг гайхшруулж байсан тул тэд түүнийг анхаардаг байжээ. Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайнмэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч баптисм хүртэж байлаа. Симон ч бас итгэсэн бөгөөд баптисм хүртээд Филипийг дагах болж, гайхамшиг болон тэмдгүүд үйлдэгдэхийг хараад, гайхаж хоцордог байв.

Хуваалцах
ҮЙЛС 8 унших

ҮЙЛС 8:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав. Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа. Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв. Тэр хот үлэмж баяр баясалтай байв. Хотод илбэ үзүүлэн, самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг эр байжээ. Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж, —Бурханы Агуу Хүч хэмээн нэрлэдэг чинь энэ хүн байна гэцгээдэг байж. Тэр удаан хугацааны турш илбээр бусдыг гайхшруулж байсан тул тэд түүнд анхаарлаа хандуулдаг байжээ. Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс баптисм хүртэцгээж байлаа. Симон хүртэл итгэсэн бөгөөд баптисм хүртсэний дараа Филипийг дагах болж, гайхамшгууд болон тэмдгүүд үйлдэгдэхийг харан, үргэлж гайхаж хоцордог байв.

Хуваалцах
ҮЙЛС 8 унших