ҮЙЛС 7:20-34

ҮЙЛС 7:20-34 Ариун Библи 2013 (АБ2013)

Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэрээр Бурханд үзэсгэлэнтэй нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ. Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, өөрийн хүү шигээ асран өсгөв. Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болжээ. Тэгээд тэр нас дөч хүрэхэд Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол зүрхийг нь эзэмдэв. Тэдний нэг шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад түүнийг хамгаалан, өнөө египетийг цохин унагаж дарлагдсан хүний өшөөг авчээ. Бурханаас түүний гараар тэдэнд аврал ирэхийг ах дүү нар нь ойлгоно гэж тэрээр бодсон авч тэд нь ойлгосонгүй. Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ. Гэтэл хөршөө бэртээж байсан нэг нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ? Өчигдөр чи тэр египетийг алсныхаа адил намайг алах гээ юу?” гэв. Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт ирмэл хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ. Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа бутны дөлөн дунд тэнгэрэлч түүнд үзэгдсэн байна. Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч “Чиний эцэг өвөг болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэнд Мосе айдаст автан харж зүрхэлсэнгүй. Харин Эзэн түүнд “Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл. Би Египетэд байгаа ард түмнийхээ дарлагдлыг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.

Хуваалцах
ҮЙЛС 7 унших

ҮЙЛС 7:20-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэр Бурханы өмнө хайрыг булаасан нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ. Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, төрсөн хүү шигээ үзэж, асран өсгөв. Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ. Харин нас дөч дөхөх үед Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол түүний зүрх сэтгэлийг эзэмдэв. Тэдний нэг нь шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад, түүнийг хамгаалж, Египет хүнийг цохин унагааж, өнөөх дарлагдсан хүний өшөөг авчээ. Бурхан тэдэнд өөрөөр нь дамжуулж аврал соёрхож байгааг ах дүү нар нь ойлгоно гэж тэр бодсон боловч, тэд ойлгосонгүй. Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү нар байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ. Гэтэл хөршөө бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ? Өчигдөр Египет хүнийг алсныхаа адил чи намайг алах гээ юу?” гэв. Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ. Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа үүргэний бутны дөлөнд тэнгэр элч түүнд үзэгдсэн байна. Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч, “Би бол чиний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна” гэсэнд, Мосе айдаст автан, харж зүрхэлсэнгүй. Харин Эзэн түүнд “Хөл дэх шаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар шороо юм. Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.

Хуваалцах
ҮЙЛС 7 унших