ҮЙЛС 26:1-6
ҮЙЛС 26:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгтэл Агрийп Паулд хандан —Өөрийнхөө төлөө ярихыг чинь зөвшөөрч байна гэхэд Паул гараа өргөөд өөрийгөө өмгөөлсөн үгийг хэлж эхлэв. — Иудейчүүдийн намайг буруутгаж байгаа эдгээр хэргийн талаар Агрийп хаан таны өмнө өнөөдөр би өөрийгөө өмгөөлөх гэж байгаа тул би өөрийгөө аз завшаантай гэж тооцож байна. Ялангуяа, та бол иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье. Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд бүр эхнээсээ өнгөрөөсөн миний амьдралыг бага наснаас минь авахуулан бүх иудейчүүд мэднэ. Тэд миний амьдралыг эртнээс мэддэг болохоор хэрэв тэд хүсвэл намайг манай шүтлэгийн хамгийн чанд дэгтэй бүлэглэлийн Фарисай хүн болохыг гэрчилж чадах билээ. Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна.
ҮЙЛС 26:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Агрийп тэгтэл Паулд —Өөрийнхөө төлөө ярихыг чинь зөвшөөрч байна гэхэд Паул гараа өргөөд өөрийгөө өмгөөлөн — Намайг иудейчүүдийн буруутгаад байгаа бүхэнд Агрийп хаан таны өмнө өнөөдөр өмгөөлөх гэж байгаадаа өөрийгөө би ерөөлтэй хэмээн тооцож байна. Ялангуяа, та иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье. Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд анхнаасаа өнгөрүүлсэн миний амьдралыг бага наснаас минь авахуулан иудейчүүд цөм мэднэ. Тэд намайг анхнаас нь мэддэг болохоор хэрэв хүсвэл намайг манай шашны хамгийн чанд бүлэглэлийн фарисай ёсоор амьдарч байсныг гэрчилж чадах билээ. Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна.