ҮЙЛС 23:1-11
ҮЙЛС 23:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Паул Зөвлөлийг анхааралтай харан —Эрчүүд ахан дүүс ээ! Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө сайн мөс чанартай амьдарч ирлээ гэв. Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэд нь зогсогсдод амыг нь алгад гэж тушаав. Тэгэхэд нь Паул түүнд —Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг жанчихыг тушааснаараа хуулийг зөрчиж байгаа хэрэг бус уу? гэхэд тэнд байгсад —Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу? гэлээ. Паул —Ах дүү нар аа, би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй. “Ард түмнийхээ удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг гэв. Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд —Ах дүү нар аа, би бол фарисайн хүү фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амиллын төлөө шүүгдэж байна гэж хашхирав. Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хамаг олон хуваагдав. Садукайчууд амилал ч, тэнгэрэлч ч, сүнс ч байхгүй гэж ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөг ажгуу. Их шуугиан дэгдэж, фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан —Энэ хүнд ямар ч буруу алга. Сүнс эсвэл тэнгэрэлч түүнтэй ярьсан бол яахав? гэцгээв. Маргаан ширүүсэж эхэлсэнд тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга айхдаа, тэдний дунд орж түүнийг салгаж аваад хуаранд аваачихыг цэргүүддээ тушаав. Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.
ҮЙЛС 23:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Паул Зөвлөлийг анхааралтай харан, —Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэв. Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэдэх хүмүүст нь түүний амыг алгад хэмээн тушаав. Тэгэхэд нь Паул түүнд —Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг Хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү? гэхэд тэнд байгсад —Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу? гэлээ. Паул —“Өөрийн ард түмний удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг ч ах дүү нараас би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй гэв. Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд хандан —Ах дүү нар аа, би бол Фарисайн хүү Фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна хэмээн хашхирав. Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хурал хоёр тал болон хуваагдав. Садукайчууд болохоор амилалт ч, тэнгэр элч ч, сүнс ч байхгүй хэмээн ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг байдаг хэмээн хүлээн зөвшөөрдөг ажгуу. Их шуугиан дэгдэж Фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан —Энэ хүнийг буруутгах юу ч алга. Энэ хүнтэй сүнс эсвэл тэнгэр элч ярьсан байж болно гэцгээв. Маргаан ширүүсэж эхэлсэнд, тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга эмээн, цэргүүддээ явж, түүнийг тэднээс хүчээр салган авч хуаранд аваачихыг тушаав. Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон, —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.