ҮЙЛС 22:6-16
ҮЙЛС 22:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал тэнгэрээс гэнэт хурц гэрэл цацарч намайг хүрээлэн авахад би газар унав. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдов. “Эзэн, Та хэн бэ?” гэсэнд, Тэр надад “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Назарын Есүс байна” гэлээ. Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ. Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск уруу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж өгнө” гэв. Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн Дамаскт очсон. Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, Хуулийн дагуу сүсэглэгч Ананиа гэгч нэгэн эр над уруу ирж, дөхөн зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. Тэр надад “Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ. Учир нь чи үзсэн, сонссон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх Түүний гэрч болно. Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа” гэв.
ҮЙЛС 22:6-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал гэнэт хурц гэрэл тэнгэрээс цацарч намайг хүрээлэн авахад би газар унасан. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдлоо. “Эзэн, Та хэн бэ?” гэсэнд Тэр надад “Чиний хавчиж буй Назарын Есүс бол Би байгаа юм” гэлээ. Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ. Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг нь тэнд чамд хэлж өгнө” гэв. Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн байж Дамаскт очсон юм. Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, хуулийн дагуу сүсэгт Ананиа гэгч нэгэн эр над уруу ирэн, дөхөж зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ. Учир нь чи үзсэн, сонссоноо бүх хүнд гэрчлэх Түүний гэрч болно. Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв.