ҮЙЛС 2:14-24

ҮЙЛС 2:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул. Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан “Бурхан айлдаж байна. «Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуучууд чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно. Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно. Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч, Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд Энэ нь цус, гал, суунаглах утаа болой. Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнө Нар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна. Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»” гэж хэлэгдсэнчлэн болжээ. Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ. Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан. Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм.

Хуваалцах
ҮЙЛС 2 унших

ҮЙЛС 2:14-24 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, “Бурхан айлдахдаа «Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ Бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуус чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно. Эр, эм гэлгүй боолуудынхаа дээр Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана. Тэд эш үзүүлэх болно. Би дээр тэнгэрт совин ёр Доор газарт тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ. Эзэний агуу, цог жавхлант өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно. Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ. Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан. Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж, Түүнийг амилуулав.

Хуваалцах
ҮЙЛС 2 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна