ҮЙЛС 16:16-32

ҮЙЛС 16:16-32 Ариун Библи 2013 (АБ2013)

Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлгөчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ. Тэрээр Паул биднийг дагаж —Энэ хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа. Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байв. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж, сүнсэнд —Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо зайлжээ. Харин түүний эзэд орлого олох найдвар нь өнгөрснийг хараад, Паул, Силас нарыг барьж, гудамж зээл дээр, эрх баригчдын өмнө чирч авчран тэргүүн захирагчдад аваачиж —Энэ иудей хүмүүс манай хотыг үймүүлж, ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв. Хурсан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа. Ийнхүү зодож жанчаад, тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав. Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлжээ. Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа. Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ. Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдтал Паул чангаар —Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна гэж хашхирсанд тэр —Бамбар авчир гээд, үсрэн орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв. Тэр тэднийг гаргах зуураа —Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв. Тэд —Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ. Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүгдэд Эзэний үгийг ярьжээ.

Хуваалцах
ҮЙЛС 16 унших

ҮЙЛС 16:16-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ. Тэрээр Паул болон биднийг дагаж, —Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа. Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байлаа. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж хараад, сүнсэнд —Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр даруй зайлжээ. Харин түүний эзэд орлого олох найдвар нь алдагдсаныг хараад, Паул, Силас нарыг барьж, олон хөлийн газарт эрх баригчдын өмнө чирч авчраад тэргүүн захирагчид уруу аваачиж, —Энэ Иудей хүмүүс манай хотыг үймүүлж, ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв. Цугласан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа. Ийнхүү зодож жанчсаны эцэст тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав. Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлөв. Гэвч Паул, Силас хоёр шөнө дундын үед Бурханд залбирч, магтаалын магтууг дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа. Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ. Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрэн алахыг завдтал Паул чангаар —Амиа бүү хорло. Бид бүгд энд байна хэмээн хашхирсанд тэр —Бамбар авчир гээд, айж чичирсээр орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө сөхөрч, тэднийг гаргах зуураа —Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв. Тэд —Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ. Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүх хүмүүст Эзэний үгийг ярьжээ.

Хуваалцах
ҮЙЛС 16 унших