2 ТЕСАЛОНИК 2:1-17

2 ТЕСАЛОНИК 2:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх хийгээд бид Түүн өөд цуглах тухайд бид та нараас гуйж байна. Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар бодолдоо даруй ганхалгүй, эсвэл сүнсээр ч, үг яриагаар ч, биднээс ирсэн мэт захидлаар ч бүү үймүүлэгд. Учир нь эхлээд урвалт гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бурхан буюу шүтээний зүйл гэгдэгч бүгдийн дээр өөрийгөө өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна. Би та нартай хамт байхдаа эдгээрийн тухай хэлж байсныг та нар санахгүй байна уу? Эдүгээ юу түүнийг хязгаарлан барьдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр цагтаа л илчлэгдэх юм. Учир нь ёс бусын нууц нь хэдийнээ ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч дундаас нь зайлуулагдах хүртэл ажээ. Дараа нь хуульгүй нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, ирэлтийн төрхөөрөө арилгана. Хуульгүй нэгэн нь Сатаны ажлын дагуу ирэгч бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, худал хуурмаг гайхамшиг болон элдэв зүй бусын заль мэхтэйгээр, мөхөгсдийн төлөө ирнэ. Учир нь тэд аврагдах үнэний хайраас татгалзсан. Тиймээс Бурхан тэдэн уруу хүчтэй төөрөгдөл илгээж тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, зүй бусыг таалсан бүхэн яллагдах юм. Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархал өргөх ёстой. Учир нь Бурхан та нарыг үнэн итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ. Үүний тулд Тэр бидний сайнмэдээгээр та нарыг бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртээх гэж дуудсан. Иймд ах дүү нар аа, бат зогсож, бидний үгээр бас захидлаар заасан уламжлалуудыг баримтал. Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань та нарын зүрхийг аливаа сайн үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.

2 ТЕСАЛОНИК 2:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх хийгээд бидний Түүн уруу цуглах тухайд эдүгээ бид та нараас гуйж байна. Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, эсвэл сүнсээр ч юм уу, эсвэл үг яриагаар ч юм уу, эсвэл биднээс ирсэн мэт захидлаар ч үймүүлэгдэхгүй байгтун. Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй. Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бүхий л өөрийгөө Бурхан хэмээгч болон шүтдэг зүйлсийн дээр өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна. Би та нартай хамт байхдаа эдгээр зүйлийг хэлж байсныг та нар санахгүй байна уу? Эдүгээ түүнийг юу хязгаарлан барьдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр өөрийн цагтаа илчлэгдэх юм. Учир нь хууль бус байдлын нууц нь хэдийн ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч нь өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийн барьж байгаа ажээ. Дараа нь ёс бус нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна. Тэр бол Сатаны ажиллагааны дагуу гарч ирэгч нэгэн бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, хуурамч гайхамшиг болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр мөхөгсдийн төлөө ирнэ. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй. Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм. Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархлаа өргөх ёстой. Яагаад гэвэл Бурхан та нарыг үнэн доторх итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ. Үүний тулд Тэр бидний сайн мэдээгээр дамжуулж та нарыг дуудсан. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртэх юм. Иймд ах дүү нар аа, бат зогсож, бидний үгээр ч бай, эсвэл захидлаар ч бай та нарт заасан уламжлалуудыг баримтал. Бидний Эзэн Есүс Христ Өөрөө болон биднийг хайрлаж, мөнх тайтгарлыг болон нигүүлслээр сайн найдварыг бидэнд өгсөн бидний Эцэг Бурхан зүрхийг тань аливаа сайн ажил үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.