2 САМУЕЛ 7:1-29
2 САМУЕЛ 7:1-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хаан өөрийн гэрт амьдран, ЭЗЭН түүнийг эргэн тойрны бүх дайснаас нь хамгаалж, тайвшралыг өгсөн тэр үед хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв. —Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна гэв. Натан хаанд —Явж, оюун бодолдоо байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв. Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж, — Яв, Миний боол Давидад өгүүлэгтүн. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надад оршин суух өргөөг барьж өгөх нь чи мөн гэж үү? Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсан удаагүй, харин би майханд буюу асарт аялж байв. Би Израилийн бүх хөвгүүдтэй явж ирсэн ямар ч газарт, Өөрийн ард түмэн Израилийг хариул хэмээн тушаасан Израилийн овгуудын нэгд нь ”Яагаад та нар Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?» гэж хэлэгтүн. Тийм учраас одоо чи Миний боол Давидад ингэж хэлэгтүн. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израилийн захирагч болгохын тулд Би чамайг бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан. Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө. Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино. Миний ард түмэн Израилийг удирдахыг Би шүүгчдэд тушаасан өдрөөс хойш Би чамайг хамаг дайснуудаас чинь хамгаалж, амраана. ЭЗЭН мөн чамд гэр бий болгохыг чамд мэдүүлж байна. Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно. Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно. Би түүний эцэг болж, тэр Миний хөвгүүн болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний таяг, хүний хөвгүүний ташуураар түүнийг засан хүмүүжүүлнэ. Гэвч чиний өмнөөс Миний зайлуулж өгсөн Саулаас Би хайр энэрлээ авсны адил Миний хайр энэрэл түүнээс салахгүй. Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв” хэмээгээрэй гэж айлдав. Натан эдгээр бүх үг болон бүх зөнгийн дагуу Давидад дамжуулав. Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад, —Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? Гэлээ ч энэ нь Таны мэлмийд чухал биш байсан, Эзэн БУРХАН минь! Учир нь Өөрийнхөө боолын гэрийн алс ирээдүйн талаар Та айлдлаа. Энэ нь хүний заншил юм, Эзэн БУРХАН минь. Давид Танд үүнээс илүү өөр юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн боолоо мэддэг билээ, Эзэн БУРХАН минь! Өөрийн үгийн төлөө, Өөрийн зүрх сэтгэлийнхээ дагуу Өөрийнхөө боолд мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу үйлийг хийв. Ийм учраас Эзэн БУРХАН минь, Та бол аугаа билээ. Бидний чихээрээ сонссоны дагуу Тантай адил нь хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ. Таны ард түмэн Израиль шиг ямар үндэстэн газар дээр байна вэ? Бурхан ирж, Өөрийн ард түмнийг өөртөө зориулан аварч, Өөртөө нэр алдрыг авч, Өөртөө зориулан Египетээс буюу бусад улс үндэстнүүд, тэдний бурхдаас аварсан Өөрийн ард түмний өмнө Та Өөрийнхөө төлөө агуу үйлс бүтээн Өөрийн газар нутагтаа сүрдмээр зүйлсийг хийв. Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг Өөртөө зориулан үүрд мөнхөд ард түмнээ болгон тогтоов. ЭЗЭН минь, Та тэдний Бурхан болов. Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийн боол болон гэрийнх нь талаар хэлсэн үгээ үүрд баталж, Өөрийн хэлсний дагуу үйлдэгтүн. Таны нэр мөнхөд дээдлэгдэж, “Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан” хэмээн хэлэгдэх болтугай. Таны боол Давидын гэр Таны өмнө тогтох болтугай. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та Өөрийнхөө боолд нэгэн илчлэлт өгч, “Би чамд гэр барьж өгнө” гэж айлдсан билээ. Тийм учраас боол тань Танд энэ залбирлыг залбирах урам зоригийг олов. Эзэн БУРХАН минь, Та бол Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэ сайн зүйлийг Өөрийнхөө боолд амласан билээ. Тиймээс одоо боолынхоо гэрийг ерөөх нь Таны таалалд нийцэх болтугай. Энэ нь Таны өмнө үүрд мөнхөд үргэлжлэх болтугай. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр боолын тань гэр мөнхөд ерөөгдөх болтугай гэв.
2 САМУЕЛ 7:1-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Хаан өргөөндөө тухлан амьдарч, ЭЗЭН эргэн тойрных нь бүх дайснаас түүнийг амруулсан тэр үед хаан эш үзүүлэгч Натанд ийн хэлэв. —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд байна гэв. Натан, хаантанд —Явж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв. Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж — Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барьж өгөх үү? Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв. Би Израилийн хөвгүүдийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн овгуудын удирдагч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»” гэж байна. Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ. Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө. Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр Би шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино. Би чамайг хамаг дайснаас чинь амраана. ЭЗЭН Би чамд мэдүүлье. ЭЗЭН Би чамд нэгэн гэр барьж өгнө. Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ. Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно. Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүний хөвгүүний зодуураар түүнийг гэсгээнэ. Би өмнөөс чинь зайлуулсан Саулаас хайр энэрэлээ авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй. Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж байна» хэмээн хэл” гэв. Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа. Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад —Эзэн БУРХАН минь, би хэн болоод миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Эзэн БУРХАН минь! Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг хүний ёсоор айлдлаа, Эзэн БУРХАН минь. Давид үүнээс өөр Танд юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн зарцыг мэддэг билээ, Эзэн БУРХАН минь! Өөрийнхөө үгийн учир, Өөрийнхөө зарцыг ухааруулахын тулд зүрх сэтгэлийнхээ дагуу Та энэ бүх агуу үйлийг хийжээ. Ийм учраас Эзэн БУРХАН минь Та аугаа билээ. Учир нь Тантай адил хэн ч үгүй бөгөөд бидний чихээрээ сонссон бүхний дагуу Танаас өөр Бурхан байхгүй билээ. Таны ард түмэнтэй буюу Израильтай хэн адил вэ? Ард түмэн болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн нэрийн төлөө ард түмнийхээ өмнөөс үндэстнүүд ба тэдгээрийн бурхдыг зайлуулан агуу сүрдмээр зүйлсийг хийсэн Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхий дээр байна вэ? Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг Өөртөө зориулан мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгон тогтоосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ. Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгийн тань дагуу энэ нь үүрд тогтож Та айлдсанаараа үйлдэх болтугай. Тийнхүү Таны нэр мөнхөд аугаа болж, “Түг түмдийн ЭЗЭН бол Израилийн Бурхан билээ” гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэр Таны өмнө бэхжих болно. Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та зарцдаа нэгэн илчлэлт өгч “Би чамд гэрийг барьж өгнө” гэж айлдсан билээ. Тиймээс зарц тань Танд энэ залбирлыг залбирах зоригийг олов. Эзэн БУРХАН минь, Та Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ. Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр зарцын тань гэр мөнхөд ерөөгдөх болно гэв.