2 САМУЕЛ 7:1-17

2 САМУЕЛ 7:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хаан өөрийн гэрт амьдран, ЭЗЭН түүнийг эргэн тойрны бүх дайснаас нь хамгаалж, тайвшралыг өгсөн тэр үед хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв. —Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна гэв. Натан хаанд —Явж, оюун бодолдоо байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв. Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж, — Яв, Миний боол Давидад өгүүлэгтүн. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надад оршин суух өргөөг барьж өгөх нь чи мөн гэж үү? Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсан удаагүй, харин би майханд буюу асарт аялж байв. Би Израилийн бүх хөвгүүдтэй явж ирсэн ямар ч газарт, Өөрийн ард түмэн Израилийг хариул хэмээн тушаасан Израилийн овгуудын нэгд нь ”Яагаад та нар Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?» гэж хэлэгтүн. Тийм учраас одоо чи Миний боол Давидад ингэж хэлэгтүн. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израилийн захирагч болгохын тулд Би чамайг бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан. Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө. Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино. Миний ард түмэн Израилийг удирдахыг Би шүүгчдэд тушаасан өдрөөс хойш Би чамайг хамаг дайснуудаас чинь хамгаалж, амраана. ЭЗЭН мөн чамд гэр бий болгохыг чамд мэдүүлж байна. Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно. Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно. Би түүний эцэг болж, тэр Миний хөвгүүн болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний таяг, хүний хөвгүүний ташуураар түүнийг засан хүмүүжүүлнэ. Гэвч чиний өмнөөс Миний зайлуулж өгсөн Саулаас Би хайр энэрлээ авсны адил Миний хайр энэрэл түүнээс салахгүй. Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв” хэмээгээрэй гэж айлдав. Натан эдгээр бүх үг болон бүх зөнгийн дагуу Давидад дамжуулав.

Хуваалцах
2 САМУЕЛ 7 унших

2 САМУЕЛ 7:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Хаан өргөөндөө тухлан амьдарч, ЭЗЭН эргэн тойрных нь бүх дайснаас түүнийг амруулсан тэр үед хаан эш үзүүлэгч Натанд ийн хэлэв. —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд байна гэв. Натан, хаантанд —Явж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв. Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж — Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барьж өгөх үү? Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв. Би Израилийн хөвгүүдийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн овгуудын удирдагч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»” гэж байна. Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ. Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө. Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр Би шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино. Би чамайг хамаг дайснаас чинь амраана. ЭЗЭН Би чамд мэдүүлье. ЭЗЭН Би чамд нэгэн гэр барьж өгнө. Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ. Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно. Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүний хөвгүүний зодуураар түүнийг гэсгээнэ. Би өмнөөс чинь зайлуулсан Саулаас хайр энэрэлээ авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй. Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж байна» хэмээн хэл” гэв. Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа.

Хуваалцах
2 САМУЕЛ 7 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна