2 САМУЕЛ 5:1-25
2 САМУЕЛ 5:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)
Израилийн бүх овог Хебронд байсан Давид дээр ирж —Харагтун, бид таны яс махны тасархай билээ. Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв. Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов. Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав. Тэр, Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ. Хаан өөрийн эрчүүдийн хамт нутгийн уугуул оршин суугчид болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм. Тэр өдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын амийг үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Эл учир “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж хэлдэг болжээ. Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив. Түг түмдийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ. Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт илгээж тэд Давидад гэр барьж өгөв. ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ. Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр ба татвар эм авав. Давидад өөр олон хөвгүүд, охид төрөв. Иерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс нь Шаммуа, Шобаб, Натан, Соломон, Ибхар, Елишуа, Нефег, Иафиа, Елишама, Елиада, Елифелет нар юм. Давид хамаг Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод филистчүүд бүгдээрээ Давидыг хайж ирэв. Харин Давид энэ тухай сонсоод бэхлэлт уруу хөдөлжээ. Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийгөөр тархан байрлав. Тэгэхэд Давид, ЭЗЭНээс —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав. Ингээд Давид Баал-перазимд ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр —ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-перазим гэж нэрлэгджээ. Филистчүүд тэнд шүтээнүүдээ орхин зугтаасанд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа. Филистчүүд дахин ирээд, Рефаимын хөндийд тархан байрлав. Давид ЭЗЭНээс лавлахад Тэрээр түүнд —Чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрч ялам модны төглийн өмнө тэднийг дайр. Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи яарагтун. Учир нь филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө ЭЗЭН гарсан байна гэлээ. Давид өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг бут цохив.
2 САМУЕЛ 5:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
Израилийн бүх овгууд Хебронд Давид дээр ирж, —Харагтун, бид таны мах цусны тасархай билээ. Урьд нь Саул бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн болох Израилийг хариулж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан хэмээн өгүүлэв. Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов. Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав. Тэр Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ. Хаан өөрийн хүмүүсийн хамт нутгийн уугуул хүмүүс болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд, тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа. Гэвч Давид Сионы цайзыг эзлэн авав. Энэ нь Давидын хот юм. Тэр өдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Үүний тулд “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж тэд хэлдэг юм. Ингээд Давид тэр цайзад сууж, түүнийгээ Давидын хот хэмээн нэрлэх болов. Давид Миллогоос дотогш нь тойруулан барив. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам улам хүчирхэгжсэн билээ. Тирийн хаан Хирам Давид уруу хуш мод, мужаан, чулуучидтай хамт элч нарыг илгээв. Тэд Давидад гэр барьж өгөв. ЭЗЭН өөрийг нь Израилийн хаан болгон тогтоож, Өөрийн ард түмэн Израилийн төлөө хаанчлалыг нь өргөмжилснийг Давид ойлгов. Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр болон татвар эмс авав. Давидад олон хөвгүүд, охид төрөв. Иерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс гэвэл: Шаммуа, Шобаб, Натан, Соломон, Ибхар, Елишуа, Нефег, Иафиа, Елишама, Елиада, Елифелет нар юм. Хүмүүс Давидыг тослон, Израилийн хаан болгосныг филистчүүд сонсоод бүх филистчүүд Давидыг хайж олохоор ирэв. Давид энэ тухай сонсоод цайз уруу явав. Филистчүүд ирж, Рефаимын хөндийгөөр тархан байрлав. Тэгэхэд Давид ЭЗЭНээс лавлан —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушааж өгөх үү? гэж асуухад ЭЗЭН Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав. Ингээд Давид Баал-перазим уруу ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр —ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт хэмх татлаа гэв. Тиймээс Давид тэр газрыг Баал-перазим хэмээн нэрлэжээ. Тэд тэнд шүтээнүүдээ орхисонд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа. Филистчүүд дахин нэг удаа ирж, Рефаимын хөндийд тархан байрлав. Давид ЭЗЭНээс лавлахад ЭЗЭН —Чи шууд чиглэн явж болохгүй. Тэдний араар тойрч яван, ялам модны төглийн өмнө тэднийг дайр. Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи дайрагтун. Учир нь ЭЗЭН филистчүүдийн цэргийг дайрахаар чиний түрүүнд гарсан байна гэв. Тэгэхэд Давид ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор тийнхүү үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг цохив.