ХААДЫН ДЭД 21:1-16

ХААДЫН ДЭД 21:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. Түүний эхийг Хефзиба гэдэг байв. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ. Тэр өөрийн эцэг Хезекиагийн нурааж хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын үйлдсэн шиг, Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв. “Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов. Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. Тэр өөрийн хүүг гал дундуур явуулан, мэргэлж, төлгө үйлдэж, сүнс дуудагчид ба мэргэ төлгөчидтэй холбогдон ЭЗЭНий мэлмийд үлэмж ёрын мууг үйлдэж Түүний хилэнг өдөөжээ. Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давид ба түүний хүү Соломонд ЭЗЭН айлдан —Израилийн бүх овгуудаас Миний сонгосон энэ өргөө ба Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно. Тэд зөвхөн Миний тушаасан болгоны дагуу мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэх аваас Би эцэг өвгөдөд нь өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ. Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг хийлгэхээр тэднийг Манассе уруу татсан юм. ЭЗЭН Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа — Иудагийн хаан Манассе эдгээр бузрыг хийж, өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр ёрын мууг үйлдэн, шүтээнүүдээрээ дамжуулан Иудаг нүгэл үйлдүүлсэн учраас Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр бузар гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч хоёр чих нь хангинах болно. Би Иерусалимын дээгүүр Самарийн хэмжигч олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно. Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайсандаа дээрмийн зүйл ба олз омог нь болно. Тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс авахуулан энэ өдрийг хүртэл Миний мэлмийд ёрын мууг үйлдэж, Намайг уурлуулсан учраас ингэх боллоо” гэжээ. ЭЗЭНий мэлмийд ёрын мууг хийснээрээ Иудагаар нүгэл үйлдүүлсэн нүглээс гадна Манассе гэмгүй цусыг үлэмж их урсган Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.

ХААДЫН ДЭД 21:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. Түүний эхийг Хефзиба гэдэг байв. Тэрээр Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузрын дагуу ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын хийсэн шиг Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв. Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов.Энэ өргөөний талаар “Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭН айлдсан юм. Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. Тэр өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулан, ид шидийг үйлдэж, мэргэ төлөг ашиглан, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогджээ. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ. Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд ЭЗЭН айлдахдаа —Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно. Хэрвээ тэд Миний тушаасан болгоны дагуу, мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэж байвал Би тэдний эцэг өвгөдөд өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ. Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр бузар мууг хийлгүүлэн Манассе тэднийг уруу татсан юм. ЭЗЭН Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа — Иудагийн хаан Манассе өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр бузар мууг үйлдэн эдгээр бузар юмыг хийж, өөрийн шүтээнүүдээр Иудагаар нүгэл үйлдүүлсэн учраас Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч бай хоёр чих нь хангинах болно. Би Иерусалимын дээгүүр Самарийн олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Хүн тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно. Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, тэднийг дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайснууддаа олз омог болно. Учир нь тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс эхлээд энэ өдрийг хүртэл тэд Миний мэлмийд бузар мууг үйлдэж, Намайг уурлахад хүргэж байсан юм” хэмээв гэжээ. Манассе ЭЗЭНий мэлмийд бузар мууг хийж, Иудагаар нүгэл үйлдүүлсэн тэр нүглээс гадна гэмгүй цусыг үлэмж их урсган, Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.