2 КОРИНТ 6:1-10
2 КОРИНТ 6:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосноор бүү аваарай. Учир нь Тэр “Тааламжтай цагт Би чамайг сонссон. Авралын өдөр Би чамд тусалсан” гэж айлддаг. Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр. Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхэнд харуулахдаа үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, шахалт дор, зодуур, шорон, үймээн самуун, зүдэл зүтгэл, нойр дутал болон өлсгөлөн дор, цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дор, үнэний үг болон Бурханы хүч дор, баруун, зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ, хүндлэл хийгээд үл хүндлэл дор, матлага хийгээд магтлага дор болой. Бид мэхлэгчид шиг боловч үнэнч, эс мэдэгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхэгсэд шиг боловч, харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.
2 КОРИНТ 6:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай. Учир нь Тэр “Би тааламжтай цагт чамайг сонссон. Авралын өдөрт Би чамд тусалсан” гэж айлддаг. Харагтун, одоо бол “Тааламжтай цаг” байна. Харагтун, одоо бол “Авралын өдөр” байна. Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор, зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор, цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор, үнэний үг болон Бурханы хүч дотор, баруун ба зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ, алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид шиг боловч үнэнч, цуутай биш юм шиг боловч цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.