2 КОРИНТ 11:22-33

2 КОРИНТ 11:22-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэд еврейчүүд үү? Би бас мөн. Тэд израильчууд уу? Би бас мөн. Тэд Абрахамын үр удам уу? Би бас мөн. Тэд Христийн зарц нар уу? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Хөдөлмөрөөрөө ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд орж байлаа. Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа. Энэ бүгдээс гадна, би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтанд байна. Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү? Хэн өдөөгдөв, би шатсан байгаагүйсэн бил үү? Хэрэв би сайрхах хэрэгтэй бол өөрийнхөө мөхөс байдлаар сайрхах болно. Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг худал яриагүйг минь мэднэ. Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан. Би том сагсан дотор суугаад, цонхоор хана дагуулан буулгагдав. Ингэж түүний гараас мултарсан юм.

2 КОРИНТ 11:22-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэд еврейчүүд үү? Би ч бас. Тэд израильчууд уу? Би ч бас. Тэд Абрахамын үр удам уу? Би ч бас. Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Зүдэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа. Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа, гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дахь аюул, цөл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдэл зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, өлдөл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байлаа. Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна. Мөхөсдөөд байгаа хэний төлөө би мөхөсдөөгүй гэж? Бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж? Сайрхах ёстой бол би мөхөсдөлөөрөө сайрхана. Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг, худал яриагүйг минь мэднэ. Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан. Би хунзан дотор, цонхоор хэрэм дагуу буулгуулж түүний гараас мултарсан юм.